“Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Э.Т, Ц.С нарыг согтуурсан, мансуурсан үедээ урьдаас үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдэж “2025 оны 7 сарын 19-ний шөнийн 03:43 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Канте” нэртэй шөнийн цэнгээний газрын орчим нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж Д.С-ын биед хүч хэрэглэн халдаж халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд нь халдаж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...оргон зайлах, ...” гэж заасан үндэслэлээр яллагдагчаар 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний саналыг шүүхэд ирүүлсэн” хэмээн шүүх байгууллагаас мэдээлсэн.
Иймд тухайн этгээдүүд мансуурсан байсан нь тогтоогдсон гэж шүүх үзжээ. Харин хил даван гарсан Б.Амарсайхан энэ сарын 27-ны өдөр эргэж ирнэ хэмээн мэдүүлж хилээр нэвтэрсэн байна. Энэ талаар Хар тамхитай тэмцэх албанаас тодруулав. Хүний биеэс хар тамхи хэд хонож байж арилах, үс хумснаас илрэх боломжтой эсэхийг тодруулахад “Хүний биед ямар бодисоос хамаарч дээд тал нь 30 хоног хүртэл хугацаанд хадгалагддаг. Тухайн этгээдийг ирэхэд нь шээснээс болон цус, үсээр шинжилгээ авна. Үсний шинжилгээгээр хэрэглэсэн бол илрэх бололцоотой. Үсээ будах гэх мэт үйлдэлд өөрчлөлт орохгүй” гэв.