Улсын нэгдүгээр төв эмнэлэг 2025 онд түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Үүнтэй холбоотой тус эмнэлэгт бүтээн байгуулалт, шинэчлэлт өөрчлөлт эрчимтэй өрнөж байгаа бөгөөд чамлахааргүй төсөвтэй, чухал ажлууд явагдаж байна. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр тус эмнэлгийн удирдлагуудтай уулзаж, эрхтэн шилжүүлэх төвийн бүтээн байгуулалт, өндөр өртөг бүхий зогсоолын ажил, шинэ MRI суурилуулалт болон бүрэн цахимжуулах төсөлтэй танилцав.
Эрүүл мэндийн сайд Ж.ЧИНБҮРЭН: Манай салбарт алдаа ч бий, оноо ч бий. Тэр дундаа хамгийн чухал зүйл нь ёс зүй ба ажилдаа чин сэтгэлээсээ хандах явдал гэдгийг онцлов. Эмч, сувилагч, иргэдийн эрх ашиг үргэлж нэгдүгээрт байх ёстой ба эмнэлгийн удирдлагууд илүү сэтгэлтэй, бүтээмж өндөртэй, оновчтой шийдвэр гаргах чадвартай, цомхон удирдлагын багтай байх шаардлагатай. Эрүүл мэндийн яамны үүд хаалга, салбарынхнаа сонсох чих үргэлж нээлттэй байхыг хэлж болж бүтэж буй бүх мэдээлэл нуугдмал байх хэрэггүй гэлээ.
Улсын нэгдүгээр төв эмнэлэг 824 ажилтантай. 2025 оны эхний таван сарын байдлаар 9744 хүнийг хэвтүүлэн эмчилж, 144098 хүнд амбулаториор үйлчилж, 154750 хүнд лабораторийн шинжилгээ хийж, эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа 55 -ыг хийсэн байна.