Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 32-ын тойргийн баруун урд талд байрлах ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай үргэлжилж байна. Уг ахуйн үйлчилгээний шинэ төвийн барилга нь хоёр давхар үйлчилгээний төв, 200 орчим зогсоолтой баригдана. Хуучин “Урт цагаан”-ы худалдаа, үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулж байсан иргэд, аж ахуйн нэгж тухайн барилгад нүүж орох төлөвлөлттэй. 2024 оны есдүгээр сард барилга угсралтын ажлыг эхлүүлсэн юм.
Барилга угсралтын ажлын талаар гүйцэтгэгч "Шилдээд" ХХК-ийн Ерөнхий инженер Н.Алтанцэцэгээс тодрууллаа. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар 32-ын тойргийн ахуйн үйлчилгээний шинэ төвийн барилгын ажлын явц 40 хувьтай байна. 2025 оны арванхоёрдугаар сарын 31-нд гэрээний хугацаа дуусаж, барилгыг хүлээлгэн өгөх хуваарьтай. Одоогоор каркас угсралт дууссан. Дотор өрлөг, шилэн фасад, металл фасад, шугам сүлжээний ажлыг гэрээний хугацаанд хуваарийн дагуу төлөвлөн ажиллаж байна” гэв.
32-ын тойргийн ахуйн үйлчилгээний шинэ төвийн барилгын нэгдүгээр давхарт нийт 1363 ам.метр талбайд 30 ширхэг аж ахуйн нэгжийн үйлчилгээний талбай, гурван орц гарцыг барина. Хоёрдугаар давхарт 1280 ам.метр үйлчилгээний талбай, террас, кофе шоп зэргийг төлөвлөж өгсөн. Тусгай хэрэгцээт иргэний болон эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн өрөөг давхар бүрд төлөвлөсөн. Нийт талбайн 30 хувийг ногоон байгууламж эзэлнэ. Үүнээс нийтийн хэрэгцээний ногоон байгууламж 18 хувь, хязгаарлагдмал хэрэгцээний болон тусгай зориулалтын ногоон байгууламж 12 хувийг эзлэхээр зураг төсөвт тусгажээ.