Монгол Улсаас Бүгд Найрамдах Колумби Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Золжаргал 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдөр тус улсын Ерөнхийлөгч Густаво Петро Уррего-д Итгэмжлэх жуух бичиг /ИЖБ/-ээ өргөн барив.
Итгэмжлэх жуух бичгээ барих ёслолын үеэр Элчин сайд С.Золжаргал Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Бүгд Найрамдах Колумби Улсын Ерөнхийлөгч Густаво Петро Уррего-д уламжилж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, худалдаа, боловсрол зэрэг боломжтой бүхий л салбаруудад өргөжүүлэн хөгжүүлэх, хэлхээ холбоог нэмэгдүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.
Ерөнхийлөгч Густаво Петро Уррего Элчин сайд С.Золжаргалыг ИЖБ-ээ өргөн барьсанд баяр хүргэн ажлын өндөр амжилт хүсэж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд боломжит бүхий л талаар дэмжлэг үзүүлэхээ нотолж, түүний хувьд Монголын түүх, Монгол морьдын талаар шимтэн сонирхдог талаараа дурдсан байна.
