2025 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт ойн түймрийн долоон голомтод Онцгой байдлын байгууллага болон орон нутгийн мэргэжлийн ангийн нийт 230 алба хаагч, 22 техник хэрэгсэлтэйгээр унтраах ажиллагааг шуурхай зохион байгуулж байна.
Ойн түймрийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар тус суманд ажиллалаа.
Тэд нөхцөл байдал болон тулгамдаж буй асуудлуудыг сонсож, холбогдох шийдвэрүүдийг газар дээр нь гаргасан бөгөөд түймрийн голомтод нэмэлт хүч болгон НОБГ-ын 40 алба хаагчийг ажиллуулахаар хуваарилж, гал унтраах тоног төхөөрөмж болон бусад шаардлагатай багаж хэрэгсэл хүлээлгэн өгсөн байна.
Мөн түймрийн эсрэг шуурхай арга хэмжээнд зориулж Улсын онцгой комиссоос 50 сая төгрөгийн шатахууны зардлыг шийдвэрлэсэн талаар холбогдох албанаас мэдээлэв.
Түймрийн тархалтыг зогсоох, ой хээрийн бүсийг хамгаалах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд орон нутгийн иргэдийг ой, хээрийн бүсэд зорчихгүй байхыг анхааруулж байна.