2025 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 12:08 цагт Баянхонгор аймгийн Өлзийт сумын 4 дүгээр багийн “Бай хөндий” гэх газарт суудлын автомашин замаас хазайж осолдсон тухай дуудлага Онцгой байдлын газарт иржээ. Ослын газар нь аймгийн төвөөс зүүн урд зүгт 47 км, сумын төвөөс 19 км-ийн зайд байрлаж байв.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид газар дээр нь очиход иргэн О-ийн жолоодож явсан “Nissan Juke” загварын суудлын автомашин замын хажуу руу унаж осолдсон байжээ.
Ослын улмаас М гэх 15 настай, эмэгтэй хүүхэд автомашины суудлын хооронд хавчуулагдаж, хөдөлж чадахгүй болсон байсан бөгөөд аврагчид шуурхай ажиллаж, түүнийг эсэн мэнд гарган, Өлзийт сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна.
Хүүхдийн биеийн байдал, ослын шалтгааныг холбогдох байгууллагууд шалгаж байна. Иргэдийг хөдөө, орон нутгийн замд зорчихдоо анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.