Dark Light
Нийгэм | 2025-07-29

Б.АМАРСАЙХАНЫГ ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАХ ХҮСЭЛТ ИЛГЭЭЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
“Таванбогд” группын захирал Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан зодооны хэрэгт холбогдож, цагдаагийн байгууллагаас интерполын хөх буланд зарлах хүсэлт илгээжээ.
 
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Канте” нэртэй шөнийн цэнгээний газрын гадна энэ сарын 19-ний шөнө Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир, мөн Б.Амарсайхан нарын холбогдсон зодоон болж, хохирогч Д.С-ийн эрүүл мэндэд ноцтой хохирол учирсан хэрэг гарсан билээ.
 
Уг хэргийн хүрээнд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах санал прокурорт ирүүлж, прокурор үндэслэлтэй гэж үзэн яллагдагчаар татсан байна.
 
Одоогоор Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир нарыг цагдан хорьсон бол Б.Амарсайхан нь гадаад улсад зорчсон гэх мэдээлэл байна. Тиймээс цагдаагийн байгууллагаас Интерполын хөх булан (Blue Notice) зарлах хүсэлт илгээжээ.
 
Интерпол нь гэмт хэрэгтэй тэмцэх, дэлхийн улс орнуудын цагдаагийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх олон улсын байгууллага юм. Тус байгууллагын www.interpol.int сайтад Монгол Улсын иргэн Б.Амарсайханыг эрэн сурвалжилж байгаа тухай мэдээлэл одоогоор нийтлэгдээгүй байна.
 
Интерполын Улаан булан (Red Notice) нь яллагдагчаар татсан этгээдийг эрэн сурвалжлах, баривчлахад чиглэсэн хамгийн ноцтой эрэн сурвалжлах зар юм.
 
Харин Хөх булан (Blue Notice) нь тодорхой гэмт хэрэгт сэжиглэгдэж буй хүний байршил, үйл хөдлөл, хэн болох, хаана очсон гэх мэт мэдээллийг хянаж бүртгэх зорилготой зар юм. Гэхдээ Интерполын веб сайт дээр байгаа “Blue Notices” буюу Хөх булангийн мэдээлэл нийтэд дэлгэгддэггүй, зөвхөн холбоотой цагдаагийн байгууллагуудын дунд мэдээлэл солилцдог тул олж харах хязгаарлагдмал байдаг.
 
Цагдаагийн байгууллагаас Интерполын үйл ажиллагааны талаар тодруулахад “Яллагдагчаар татсан тохиолдолд л Интерполоор эрэн сурвалжилдаг” гэдгийг онцолсон юм.
 
Мөн “Б.Амарсайхан хуулийн хугацаандаа ирээгүй тул Интерполын хөх булангаар эрэн сурвалжлах хүсэлт гаргасан. Ирээгүй хугацаанд хар тамхины шинжилгээ авах шаардлага байсан” гэдгийг мэдээллэв.
 
Одоогоор хохирогч хүнд гэмтэж, гавал, тархины гэмтэлтэйгээр ГССҮТ-д эмчлүүлж байгаа юм. Түүний биеийн байдал хүнд байгаа бөгөөд нэг нүд нь харах боломжгүй болсон талаар гэр бүлээс нь мэдэгдсэн билээ.
 
Энэхүү хэрэгт холбогдсон бусад этгээдүүд цагдан хоригдож мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа бөгөөд Б.Амарсайханыг эрэн сурвалжлах ажиллагаа гадаадад байгаа тул цаашид хэрхэн үргэлжлэх талаар хууль хяналтын байгууллагуудаас мэдээлэл гаргана гэлээ.
 
Иргэдийг хууль бус үйлдлээс зайлсхийж, хууль, дүрэм журмыг чанд сахихыг Цагдаагийн байгууллагаас дахин анхааруулж байна. Мөн энэ мэт ноцтой гэмт хэрэгт холбогдсон этгээдийн хууль ёсны үйл ажиллагааг хуулийн хүрээнд шударгаар шийдвэрлэхийг олон нийт шаардаж байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00