Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд 2025-2026 оны хичээлийн жилд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад 39 оюутан суралцахаар боллоо.
Тэднийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Кулит, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр нар Улаанбаатар хот дахь Элчин сайдын яаманд хүлээн авч уулзан, сурлагын амжилт хүсэв.
Эдгээр оюутнууд нь Монгол Улсад эрэлт, хэрэгцээтэй мэргэжлээр герман хэлээр бакалаврын түвшний боловсрол эзэмшиж, эх орондоо 5 жил ажиллах юм.
Энэ жилийн хувьд 296 суралцагч Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Унгар Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Япон Улс, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс зэрэг улсуудад суралцуулахаар ажиллаж байгаа юм байна.



