Нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах голын ай сав газарт цэвэрлэгээний томоохон ажил өрнөлөө.
Долоодугаар сарын 22-27-ны өдрүүдэд зохион байгуулсан цэвэрлэгээний хүрээнд Туул, Баянголын ам, Толгойт, Бумбатын рашаан, Хунт нуур, Нарангийн голын ай савын 21,600 ам.метр талбайг хамруулж, нийт 62.3 тонн хог хаягдлыг 163 хүний бүрэлдэхүүнтэй 20 рейсээр цэвэрлэн, Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг рүү тээвэрлэв. Үүнээс гадна цэвэрлэгээний дараах ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг бүрэн хийжээ.
Ийнхүү нийслэлийн байгаль орчны аюулгүй байдлыг хангах ажил цогцоор хэрэгжиж, зөвхөн хог цэвэрлэх бус, ногоон байгууламжийн арчилгаа, усалгааг нэмэгдүүлэх, гэрэлтүүлэг сайжруулах, эзэнгүй нохой муур устгах, хог тээвэрлэлтийн чанарыг сайжруулах зэрэг үүргийг холбогдох 22 байгууллага, алба хэлтсүүдэд өгөөд байна.
Мөн долоодугаар сарын 23-нд дүүргийн газрын алба, төрийн бус байгууллагуудтай хамтран хог хаягдлын хяналт шалгалт зохион байгуулж, голын ай сав орчмыг баримтжуулан шалгасан байна. Шалгалтаар Туул голын эргээр зөвшөөрөлгүй том оврын авто машинаар барилгын хог хаяж байсан зөрчил илэрч, цагдаагийн байгууллагатай хамтран 20 жолоочид хуулийн дагуу арга хэмжээ авчээ. Мөн замын усалгааны усыг зориулалтын бусаар авч ашигласан зөрчилд сануулах арга хэмжээ авсан байна.
Энэхүү үйл ажиллагаа нь нийслэлийн байгаль орчныг хамгаалах, иргэдийн эрүүл орчныг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буйг албаныхан онцолж байна.