Сошиал орчинд бага насны хүүхдүүдийг “элдэв ёс бус үгээр доромжлон, хайрч түлнэ” хэмээн айлган сүрдүүлж буй иргэний бичлэг нийтлэгдсэнтэй холбогдуулан Цагдаагийн байгууллагаас 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдөр уг асуудлыг бүртгэлд авч, холбогдох шалгалтын ажиллагааг эхлүүлжээ.
Хэрэгт холбогдсон иргэнийг тодорхойлж, орон нутгийн хүүхэд хамгааллын байгууллагатай хамтран хүүхдүүдийг хамгаалалтад авч, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна. Мөн тухайн хүүхдүүд ямар эрсдэлд өртөж болзошгүй байсныг мэргэжлийн байгууллагууд хамтран тогтоожээ.
Одоогийн байдлаар уг хэрэгтэй холбоотой шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авахыг албаныхан мэдэгдлээ.
Цагдаагийн байгууллагаас иргэдийг цахим орчинд ёс зүйтэй байж, бага насны хүүхдийн эрх ашгийг хүндэтгэхийг уриалж, хүүхдийн эсрэг аливаа хүчирхийлэл, заналхийлэлд тэвчээргүй хандахыг санууллаа.