2025 оны 8 дугаар сарын 2-ны 11:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 13 ойн түймэр идэвхтэй байгаа бөгөөд Онцгой байдлын байгууллагаас унтраах, хяналт тогтоох ажиллагааг зохион байгуулж байна.
Тэдгээрийн 3-ыг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байгаа бол үлдсэн 10 түймэрт хяналт тогтоон, галын тархалтыг зогсоох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байна.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Агуйт”, “Бөхлөө”, “Голын хаяа уул” зэрэг газруудад гарсан 3 түймрийг цурамд оруулжээ. Харин Сэлэнгийн Хүдэр суманд 3, Ерөө суманд 2, Мандал суманд 2, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын “Их билдэгийн гол”, Улаан-Уул сумын “Жинст голын ам”, Ховд аймгийн Үенч сумын “Зуухт” гэх газруудад гарсан 10 түймрийн тархалтыг зогсоохоор ажиллаж байна.
Түймрийн бүсэд Онцгой байдлын байгууллагын 375 алба хаагч, 22 автомашин, мэргэжлийн ангийн 160 хүн, 15 автомашин, нийт 535 хүн, 37 автомашин, 34 морьтой баг үүрэг гүйцэтгэж буйг холбогдох албанаас мэдээллээ.
Иргэдийг ой, хээрийн бүсэд зорчихдоо анхаарал болгоомжтой байж, галын аюулгүй байдлыг хангахыг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.