2025 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газарт ажиллалаа.
Айлчлалын хүрээнд тэрбээр тус газрын техник, тоног төхөөрөмж, алба хаагчдын хувцас хэрэгсэлтэй танилцаж, шаардлагатай байсан туулхай сайтай хоёр автомашин, эрэн хайх дрон, богино долгионы станц зэрэг чухал тоног төхөөрөмжийг шийдвэрлэн өгчээ. Энэ нь орон нутгийн гамшгаас хамгаалах чадавхыг нэмэгдүүлэхэд чухал дэмжлэг болсон үйл явдал боллоо.
2025 он гарсаар Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газарт нийт 64 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, аврагчид гал түймэр, үер ус, осол аюул зэрэгт шуурхай ажилласан байна. Харамсалтай нь, хамгийн сүүлд буюу 2025 оны 8 дугаар сарын 2-нд Эрдэнэбүрэн суманд нэг настай хүүхэд гэрийнхээ ойролцоо тогтоол усанд эндсэн эмгэнэлтэй хэрэг бүртгэгдсэн тул алба хаагчид эцэг эхчүүдийг бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг онцгойлон анхаарууллаа.
Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газар нь Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий гэсэн 5 аймгийн 92 сумын 416 мянга гаруй иргэнд гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, болон хүч хэрэгслийн чадавхыг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Энэхүү дэмжлэг, шинэ тоног төхөөрөмжүүд нь гамшгийн үед аврах ажиллагааны үр дүнг нэмэгдүүлж, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад бодит хувь нэмэр оруулна гэж холбогдох албаныхан онцлов.