ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабаас нийслэл болон 21 аймгийн Онцгой байдлын Шуурхай штабтай цахим хурал хийж, цаг үеийн нөхцөл байдал, гамшгаас хамгаалах арга хэмжээний хүрээнд үүрэг чиглэл өглөө.
Хуралдааны үеэр Шадар сайдын 2025 оны 93 дугаар тушаалаар батлагдсан “Онцгой байдлын байгууллагын бүсийн ажиллах журам”-ын дагуу бүсийн төвүүд орон нутгийн Онцгой байдлын газруудыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг даалгав. Түүнчлэн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгож, хэрэгжүүлэх арга хэмжээг нарийвчлан төлөвлөх шаардлагатайг онцоллоо.
Мөн болзошгүй гамшиг, аюулт үзэгдлийн үед үүрэг гүйцэтгэх бие бүрэлдэхүүн, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, техник хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг хангах, мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, үерийн эрсдэл бүхий газруудад далан, суваг шуудуу татах, элс хайргыг урьдчилан бэлтгэх, шаардлагатай техник хэрэгслийг томилгоожуулах зэрэг үүргийг анхааруулан өглөө.
ОБЕГ-ын зүгээс гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, төрийн болон мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулан ажиллахыг онцлон санууллаа.