Dark Light
Нийгэм | 2025-08-04

ДӨРВӨН ШИНЭ ДЭД ХОРОО БАЙГУУЛАГДЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Монгол Улсын нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцсэн, хүн төвтэй, иж бүрэн зохицуулалт бүхий хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилготой “Гурван төгөлдөршил” бодлогыг хэрэгжүүлж буй анхны 126 гишүүнтэй парламент 2025 оны хаврын чуулганаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа.

Хуульд зааснаар хууль тогтоомжийн төслийг урьдчилан хэлэлцэх, санал дүгнэлт гаргах, хяналт хэрэгжүүлэх чиг үүрэгтэй найман Байнгын хороо байгуулагдсан бөгөөд үүнд Эдийн засгийн байнгын хороо онцгой байр суурь эзэлж байна.

2024 оны 05 сарын 16-нд батлагдсан хуулиар Эдийн засгийн байнгын хороо нь эдийн засаг, хөгжлийн бодлого, төрийн мөнгөний бодлого, банк, эрчим хүч, тээвэр, аялал жуулчлал, барилга, газрын эдийн засаг зэрэг өргөн хүрээний асуудлыг эрхлэхээр тусгасан бол 2025 оны 07 сарын 09-нд батлагдсан нэмэлт өөрчлөлтөөр аж үйлдвэржилт, инновац, цахим бодлогын асуудал ч мөн эрхлэх хүрээнд нь нэмэгдсэн байна.

Мөн тус Байнгын хорооны бүрэлдэхүүнийг 32 гишүүн хүртэлх хэмжээнд бүрдүүлэх боломжтой болсон бөгөөд харьяа асуудлуудыг нарийн зохицуулан ажиллах 4 дэд хороо шинээр байгуулагджээ. Үүнд:

  • Аялал жуулчлалын хөгжлийн дэд хороо

  • Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо

  • Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо

  • Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо

Эдгээр дэд хороод нь өөр өөрийн чиглэлээр судалгаа хийх, санал дүгнэлт боловсруулах, тайлбар авч хяналт тавих, шийдвэрийн төсөл боловсруулах эрхтэй байх бөгөөд Байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганд оруулан хэлэлцүүлэх чиг үүрэгтэйгээр ажиллана.

Энэхүү шинэчлэл нь УИХ-ын үйл ажиллагааг илүү мэргэшсэн, чиглэлжсэн, ил тод хариуцлагатай болгох, хөгжлийн бодлогыг бодит ажил болгоход чиглэгдэж буй стратегийн чухал алхам болохыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас онцолжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14