Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын /ХББОС/ сайдын багцын 2026 оны хөрөнгө оруулалтын төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг өнөөдөр /2025.08.04/ боллоо.
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны төсвийн төслийг боловсруулахад Төсвийн тухай хууль, Засгийн газрын журамд заасан олон нийтийн оролцоог хангаж ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосон.
Энэ дагуу төсвийн төслийг боловсруулах үйл явцад иргэдийг оролцуулж, ил тод, нээлттэй төсвийн хэлэлцүүлгийг хийсэн нь энэ юм.
Хэлэлцүүлгийг нээж ХББОСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа хэлсэн үгэндээ “Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13.4-т “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтад тусгахыг хориглосон орон нутгийн нийтийн эзэмшлийн зам талбай, олон нийтийн соёл амралтын хүрээлэн, хаягжуулалт, гэрэлтүүлэг, тохижилт, нийтийн эзэмшлийн байр, орон сууц, оффисын засвар шинэчлэлийн саналыг аймаг, нийслэлээс ирүүлсэн тохиолдолд хянаж, хасаж ажилласан” гэдгийг онцлов.
Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын салбарт улсын төсвийн хөрөнгөөр 2026 онд шилжин хэрэгжүүлэх 43 төсөл арга хэмжээ, шинээр хэрэгжүүлэх 43 барилга, байгууламж, тоног төхөөрөмжийн 2 төсөл, ТЭЗҮ зураг төсөв боловсруулах 19 төсөл буюу нийт 64 арга хэмжээнд 1 их наяд 366.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 2026 онд 592.7 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэсэн саналыг нэгтгэн төлөвлөж, хуулийн хугацаанд албан албан бичгээр болон цахим системээр хүргүүлжээ.
Хэлэлцүүлэгт Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн гишүүд, иргэний нийгмийн байгууллагууд оролцлоо. Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийн зүгээс орон сууцны үнийг тогтворжуулах, барилгын материалын үнийг үе шаттай бууруулах саналыг хэлэв. Яамны зүгээс барилгын материалын дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих хөтөлбөрийг боловсруулж есдүгээр сарын 20-ны дотор Засгийн газрын хуралдаанд танилцуулах зорилт тавин ажиллаж байна.
Хэлэлцүүлэгт ХББОСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа, Сайдын зөвлөх И.Баттөгс, ХББОСЯ-ны Барилга, барилгын материалын бодлого, зохицуулалтын газрын Материал үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг, хот дахин төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Батболд, Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Уянга, Хот байгуулалт, орон сууцжуулалтын бодлого зохицуулалтын газрын дарга О.Одбаяр, Нийтийн аж ахуйн бодлого зохицуулалтын газрын дарга М.Ням-Очир нар оролцлоо.



