Нийслэлийн иргэдийн хүнсний аюулгүй байдал, эх орны хөрсөнд ургасан чанартай хүнсний ногоогоор хангах зорилтын хүрээнд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо буюу Шувуун фабрикт 13 сая ам.долларын хүлэмжийн аж ахуйн цогц төслийг БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд орчин үеийн хүлэмжийн аж ахуй, хүнсний ногооны хадгалалтын зоорь бүхий дэд бүтцийг байгуулах юм. Өнөөдрийн байдлаар Хан-Уул дүүрэгт хүлэмжийн тариалалт 16 га талбай буюу нийт хүлэмжийн тариалалтын талбайн 32 хувийг эзэлдэг байна.
Энэ талаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин энэхүү төслийн хэлэлцээр өнгөрсөн онд эхэлсэн. Анх 4 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжих төсөл байсан. Нийслэлийн иргэдийн нарийн ногооны хэрэгцээ шаардлагад үндэслэн олон улсын байгууллагуудтай хамтарсан судалгаа, уулзалтуудын үр дүнд 13 сая ам.долларын өртөг бүхий өргөтгөсөн төсөл болон баталгаажсан гэдгийг илэрхийлэв.
Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 89 аж ахуй нэгж, 445 иргэн нийт 50.1 га талбайд хүлэмжийн аж ахуй эрхэлдэг. Үүнээс 23.5 га талбайд өвлийн хүлэмж, 26.6 га талбайд зуны хүлэмжид тариалалт хийдэг. Жилдээ 2500-3400 тонн ургац хураан авдаг. Гэвч нийслэлийн хүн амын нарийн ногооны хэрэгцээг 60 мянган тонн гэж тооцдог. Дотоодын хэрэглээгээ хангахын тулд 20 га талбайд ухаалаг өвлийн хүлэмж шаардлагатай. 50 га талбайд өвлийн хүлэмж шинээр байгуулснаар жилдээ 16.5 мянган тонн ургац хураан авч, дотоодын хэрэглээг 100 хувь хангах нөхцөл бүрдэх аж.