Энэ оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс ажил нь эхэлсэн Улиастай-Цагаанхайрхан чиглэлийн авто замын ажлын гүйцэтгэлтэй Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр танилцлаа.
Тэрээр төслийн гүйцэтгэгч “Чайна Жиангсу интернэйшнэл экономик энд техникал кооперэйшн” компанийн гүйцэтгэх захирал, төслийн удирдагч Хао Хун Шин, Ерөнхий инженер Ду Ганг Лин болон тус төсөлд хяналт тавьж буй “NCBC” компанийн төлөөлөлтэй уулзаж, тулгамдсан асуудлуудын талаар ярилцав. Одоогоор замын хөрс хуулалт, түр зорчих гүүрийн ажил болон асфальт, бутлуур, бетонын үйлдвэрлэл явагдаж байна.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж буй уг төсөл нь энэ оноос 2027 он хүртэл үргэлжлэх ба нийт 178 км-ын урттай зам юм.
Эхний ээлжид Алдархааныг Цагаанхайрхан сумтай холбох 40.1 км зам тавигдахаар төлөвлөгдсөн. Замын зорчих хэсгийн өргөн 7.0 метр, 4 байршилд нийт 420 метр төмөр бетон гүүр, 105 байршилд ус зайлуулах хоолой, 11 байршилд уулзвар гарч, 7 байршилд авто зогсоол хийгдэнэ.
Гүйцэтгэгч компанийн зүгээс орон нутгаас авах зөвшөөрөл, дэмжлэгүүдийн талаар хэлж, хэд хэдэн хүсэлт гаргав.
Аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр орон нутгаас шалтгаалах асуудлуудыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ гээд, зарим хүсэлтийг холбогдох яамдтай ярьж шийдвэрлэхээр болов.
Мөн бүтээн байгуулалтыг шуурхай явуулахын тулд орон нутгийн зүгээс бүхий л талаар онцгой анхаарна гээд, гүйцэтгэгч болон хяналтын компаниудыг ажлаа шахаж, шуурхай ажиллахыг санууллаа. Мөн орон нутгаас ажиллах хүч, туслан гүйцэтгэгчдээ авах, хүнс барааны хэрэглээгээ хангаж ажиллах талаар ярилцав.




Эх сурвалж
| Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар
|