Хотын Ерөнхий Архитектор Ч.Төгсдэлгэр “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн ажилчин, алба хаагчидтай хот төлөвлөлт, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны асуудлаар санал солилцож, уулзалт зохион байгууллаа.
Энэ үеэр ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих, дахин төлөвлөлтийг “20 минутын хот” үзэл баримтлалтай уялдуулан, оновчтой, үр өгөөжтэй хэрэгжүүлэх боломж буюу харгалзан үзэх хүчин зүйлсийн талаар танилцуулсан юм.
Мөн Монгол, Япон, БНСУ-ын дахин төлөвлөлтийн төслийн загвар, тогтолцооны судалгааг танилцуулж, оновчтой санааг тусгаж авах талаар зөвлөлөө. “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн тухайд захирамжаар шилжин ирсэн төслүүдээс эхний ээлжинд 10 төсөлд сонгон шалгаруулалт зарлаж, төсөл хэрэгжүүлэгчдийг шалгаруулаад байгаа юм.
Улмаар дахин төлөвлөлтийн төслийн явцад тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх арга зам, шийдлийн талаарх саналаа Ерөнхий архитекторт уламжилж, дахин хэлэлцүүлгийн хэмжээнд уулзалтаа үргэлжлүүлэхээр болов.