Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн БНСУ-ын Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн төлөөлөгчид болох БНСУ-ын Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн Олон улсын хамтын ажиллагааны төвийн дарга Жан Сын Жүн, Олон улсын хамтын ажиллагааны төвийн төслийн менежер Со Сог Хёнг, Олон улсын хамтын ажиллагааны төвийн мэргэжилтэн Ким Сон Жонг, Эрүүл мэндийн төслийн төвийн дарга Ан Бёнг Чол, Эрүүл мэндийн төслийн багийн ахлагч Ун Жин Хи нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Эрүүл мэндийн яамны НЭМБГ-ын даргын албан үүргийн хавсран гүйцэтгэгч Д.Баярболд, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд оролцлоо.
БНСУ-ын Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг нь манай улсад сүүлийн арван жил тасралтгүй сүрьеэтэй тэмцэх төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм. Уг байгууллага нь дэлхийн 17 улсад энэ чиглэлээр ажилладаг туршлагатай бөгөөд зөвхөн Монгол улсад л урт хугацаанд, тогтвортой олон жил төслөө хэрэгжүүлсэн гэж уулзалтын үеэр онцолж байв. Бусад улс оронд хамгийн ихдээ гурван жил орчим хугацаанд л ажилладаг аж. Цаашид ч манай улсад төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлж ажиллах сонирхолтой буйгаа өнөөдөр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон бусад албаныханд илэрхийлэв.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хэлэхдээ: "Сүрьеэг устгаж, сүрьеэгүй улс үндэстэн болох бусад улс орнуудын том зорилго руу Монгол улс ч мөн адил тууштай байж, цогц арга хэмжээ авч, технологид суурилсан арга барилаар ажиллан зүтгэх ёстой. Сүрьеэгийн халдварыг илрүүлэх, эмд тэсвэртэй сүрьеэгийн тусламж, эмчилгээ, үйлчилгээнд илүү анхаарах хэрэгтэй" гэв. Цаашид хоёр тал өнгөрсөн арван жилийн хугацаанд хамтран хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийнхээ үр дүнг бодитоор тооцон гаргаж судалгаа туршлагад суурилсан шинэ ажлыг эхлүүлэхэд бүх талаар хамтран ажиллаж, дэмжихэд бэлэн гэв.
Мөн БНСУ-ын сүрьеэ өвчинтэй тэмцэж ирсэн сайн туршлагаас Монгол Улсад нэвтрүүлж ажиллахыг хүсэв.
БНСУ-ын Сөүл хотод 2025 оны 9-р сарын 16-17-ны өдрүүдэд болох “Сүрьеэгүй Ази Тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь” олон улсын эрдэм шинжилгээний наймдугаар хуралд Монгол улсаас оролцох төлөөлөгчдийн талаар санал солилцлоо. Тус хурлыг анх 2018 онд Монгол Улсад зохион байгуулснаас хойш тасралтгүй 8 дахь жилдээ зохион байгуулж, Азийн 10 гаруй орны эрдэмтэн судлаачид жил бүр хуран чуулдаг томоохон олон улсын эрдэм шинжилгээний уламжлалт хурал болтол өргөжүүлэн хөгжүүлэхэд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн ихээхэн хувь нэмэр оруулсныг цохон тэмдэглэж, дурсгалын зүйл гардуулж өглөө.
БНСУ-ын СҮСН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар байгуулагдсаны 10 жилийн ойг тэмдэглэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа албаны хүмүүс илэрхийллээ.