“Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдаж, цэргийн хэргийн мэдлэг, ур чадвар эзэмшсэн 2000 гаруй оюутан залуу өнөөдөр “Цэргийн тангараг”-аа өргөж, цэргийн бэлтгэл үүрэгтний эгнээг тэллээ.
Энэ жилээс уг сургалтын журмыг шинэчлэн баталснаар 1 дүгээр курсийн оюутнуудаас гадна 2,3 дугаар курсийн оюутнууд хамрагдах боломжтой болсон нь залуу үеийнхэнд илүү өргөн боломж, нөхцөлийг нээж өгсөн юм.
Энэ жилийн “Оюутан цэрэг” сургалтад 3000 гаруй оюутан бүртгүүлснээс 1, 2 дугаар шатны сургалт бэлтгэлийг амжилттай дүүргэсэн 65 их дээд сургууль, коллежийн 2000 гаруй оюутан залуус Зэвсэгт хүчний 12 анги болон Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн байрлалд сургалтад хамрагдаж, өнөөдөр ийнхүү амжилттай өндөрлөж байна.
Өнөөдөр Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн байрлалд сургалтад хамрагдсан оюутан залуусын Тангараг өргөх ёслолд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба тэргүүтэй батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин, Баянзүрх дүүргийн удирдлагын төлөөлөл болон оюутан залуусын эцэг эхчүүд, ар гэрийнхэн хүрэлцэн ирж оролцлоо.
Ташрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2014 оноос хэрэгжиж эхэлсэн “Оюутан цэрэг” хөтөлбөрт өнөөг хүртэл 10 орчим мянган залуу хамрагдаж, их дээд сургууль, коллеж, мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв суралцахынхаа зэрэгцээ цэргийн хэргийн онолын болон мэргэжлийн бэлтгэл сурталтад хамрагдаад байгаа билээ.
“Оюутан цэрэг 2025” сургалтын төвийн захирал хурандаа Д.ПҮРЭВСАЙХАН:
Энэ жилийн хөтөлбөр нэлээд өргөн хүрээнд зохион байгуулагдлаа. ҮБХИС-ийг түшиглэсэн манай сургалтын төвд 24 их дээд сургууль, коллежийн 600 орчим оюутан суралцагч хамрагдаж, өнөөдөр сургалтаа амжилттай өндөрлөж, цэргийн 1 дүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр халагдаад харьяа дүүргийнхээ Цэргийн штаб руу шилжиж байна. Бид оюутан залууст 11 мэргэжлээр цэргийн мэргэжил олгох сургалт зохион байгуулсан бөгөөд суралцагчдын голч дүн 87 хувьтай гарсан нь харьцангуй өндөр байгаа нь эдгээр залуус цэргийн мэргэжлийг хангалттай эзэмшсэн гэдгийг харуулж байна. ҮБХИС-ийн 100 гаруй офицер, ахлагч, энгийн ажилтан албан хаагчид энд хоёр сарын хугацаанд ажиллалаа.
“Оюутан цэрэг” сургалтын төвийн 2 дугаар ротын 5 дугаар салааны ахлах байлдагч Д.ХҮСЛЭНБАЯР:
Одоо ингээд цэргийн бэлтгэл үүрэгтэн, эх орны хүү болсон гэж бодохоор бахархалтай гоё байна. Онолын хоёр, хээрийн бэлтгэлийн хоёр сарын хугацаанд цэргийн нэг жилийн албаны бүхий л ур чадвар, мэдлэг дадлагыг олж авахыг бид хичээлээ. Нийт алба хаасан он жавууддаа баяр хүргэж, хамтдаа амьдралын нэгэн сайхан дурсамжийг бүтээж чадсан нөхдөөрөө бахархаж байгаагаа зориуд хэлье. Маш хэрэгтэй, үр өгөөжтэй энэ сургалтыг санаачилсан, өнөөг хүртэл зохион байгуулсаар байгаа, бидэнд цэргийн хэргийн мэдлэгийг олгосон сургалтын төвийн бүх багш нар, офицер, ахлагч нартаа, мөн гал тогоо, эмнэлэг гээд ар талынхандаа маш их баярлалаа. Энэ зуны амралт маш үр дүнтэй, дурсамж дүүрэн, хэзээ ч мартагдахгүй болж өнгөрлөө.
Герман-Монголын хамтарсан Ашигт малтмал экологийн их сургуулийн оюутан Б.МЯНГАНБААТАР:
Хугацаат цэргийн албаны бүтэн жилийн сургалтыг ийм богино хугацаанд маш үр дүнтэй суралцах боломжийг олгодог энэхүү сургалтад хамрагдсандаа баяртай байна. Өөрөөрөө маш их бахархаж байна. “Оюутан цэрэг” сургалтаар цэргийн хэргийн мэдлэг эзэмшихээс гадна хүнтэй хэрхэн харилцах, хариуцлагатай байх, олны дунд биеэ авч явах, үе тэнгийнхэндээ үлгэрлэлтэй байх гээд маш олон чадварт бас давхар суралцлаа. Өөрөө хүсэж байж ирсэн болохоор сургалтын хугацаанд дарга, офицер ахлагч нарынхаа заасан сургасан, хэлсэн ярьсныг маш сайн тогтоосон, цаашид хэрэгжүүлж, хэвшүүлэх олон ч чадварт суралцсан. Найзууддаа, дүү нартаа, үе тэнгийнхэндээ “Эр хүн болж төрснийх эр цэргийн албаа хаагаарай” гэж хэлье дээ.
Ж.ОТГОНТУЯА: Их дээд сургуульд сурч байхдаа эр цэргийн албыг хаах боломжийг олгож, эрэгтэй хүүхдүүдэд эх орондоо хэрэгтэй хүн гэдгийг нь мэдрүүлж байгаад ээж хүний хувьд маш их баярлаж байна. Хүүгээрээ маш их бахархаж байна. Энэ хөтөлбөрийг санаачилсан Ардын багш Г.Мягмаржав багшид их талархаж байгаа. Энэ сургалтыг удирдаж, хүүг минь, мөн үе тэнгийн энэ олон сайхан залуусыг эх орны хүү, эр цэрэг болгож төлөвшүүлсэн эрхэм хурандаа, офицер ахлагч нарт баярлаж байна. Манайх долоон хүүхэдтэй, хамгийн бага нь Б.Мянганбаатар. Гурван хүүтэй ч цэргийн алба хаасан хүнгүй байлаа. Харин бага хүү минь өөрөө хүсэж зорьж энэ сайхан албыг хаалаа, маш их баяртай байна. Хүүгийн минь ирээдүйн ажил, амьдралын зам мөр дардан байг ээ.
Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын малчин Л.ПҮРЭВДОРЖ:
-Би өөрөө цэргийн алба хаагаагүй болохоор хүүгээ цэргийн алба хаая гэхэд нь их дуртай дэмжсэн. Хүүгийнхээ “Тангаргийн баяр”-ыг үзэх гэж Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумаас зорьж ирлээ. Ийм сайхан сүр хүчтэй баярыг нүдээр үзээд сэтгэл огшлоо, сайхан явдал болдог юм байна. Энэ олон аавын хүүхдүүдийг ингээд нэгэн жагсаалд нэгтгээд, сургаж хүмүүжүүлээд, засаж залаад явдаг мундаг дарга нар байна аа. Би таван хүүхэдтэй, нэг хүү, дөрвөн охинтой. Ганц хүүгээ ингээд цэргийн албыг өөрөө зорьж хаагаад, жавхаатай сайхан байгаад нь аав хүний хувьд баярлаад, бахархаж байна.
ШУТИС-ийн оюутан Г.Сүхбатын эмээ И.ЖАНЧИВ:
Зургаан сартай байхаас нь өөр дээрээ авч өсгөж торниулсан зээ хүүгээ цэргийн алба хаасан сайхан залуу болохыг харж зогсоо би их азтай хүн юм аа. Арай томроод ухаан орохоор нь “Аав ээждээ оч оо” гээд явуулсан ч эргээд надад хүрээд ирсэн хүү минь их сургуульд сурахынхаа хажуугаар ингээд цэргийн албаа хаалаа. Эх орныхоо төлөө эр цэрэг болсон, тангараг өргөсөн хүүгээрээ маш их бахархаж байна. Би цэрэг гэдэгт их найддаг болохоор нэг их санаа зовоогүй ээ. Харин маш их саналаа даа.
МУИС-ийн оюутан н.Барсболдын ээж А.ЭНХМАА:
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн талаар анх сонсоод л маш их таалагдсан. Тэгээд хүүгээ том болоод, оюутан болохоор нь алба хаалгана даа гэж бодсон минь өнөөдөр биеллээ олж байгаад маш их баяртай байна. Сурлага хүмүүжлээс гадна эрүүл мэнд, биеийн тамираар шалгараад олон аавын хүүхдүүдтэй албаа нэр төртэй хаалаа. Улсын их баяр наадмаар энд өдөрлөг хийхэд нь ирсэн. Ер нь сургалтад хамрагдсан цагаасаа л хийморьлог, золбоотой яваа, хүү минь. Гурван хүүхэдтэй. Хүү минь айлын ууган хүү болохоор дүү нартаа маш их үлгэр дуурайлтай сайхан сургалтад хамрагдлаа гээд баяртай байгаа. Яг явуулчхаад жаахан сэтгэл зовнилтой байсан. Долоо хоногийн дараа нэг утсаар яриад хүүгийнхээ дууг сонсоод, ярианых нь өнгөнөөс сэтгэл зовнил маань байхгүй болсон. Хүүгээ тосох гээд гэр бүлээрээ, хүүгийнхээ найзуудтай нь ирсэн.







