Зам, тээврийн сайдын 2025.08.04-ний өдрийн Шуурхай хуралдаанаас ЗТЯ-ны харьяа газар, албан байгууллагуудад нийт 26 чиглэл бүхий үүрэг даалгавар өгсөн байна. Үүнээс Төмөр зам, далайн тээврийн салбарт 11 үүрэг чиглэл өгчээ.
Шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт 70 хувьтай хэрэгжиж байгаа бөгөөд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газар, “Монголын Төмөр Зам” ТӨХК-д “Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын барилгын ажлын хяналтыг сайжруулах”, БНХАУ-ын “Чайна энержи” компанитай байгуулсан нүүрс тээврийн гэрээний хэрэгжилтийг сайжруулах, хоногт аялуулах галт тэрэгний тоог нэмэх, “Гашуун сухайт боомтоор гарч буй Чайна энержи компанийн нүүрсний тээвэрлэлтийн мэдээллийг өдөр бүр гаргаж, Зам, тээврийн сайдад танилцуулж хэвших” зэрэг ажлуудыг 2025 оны 08 сарын 15-ны дотор биелэлтийг хангаж ажиллах хугацаатай үүрэг даалгаврыг өгсөн юм.
Энэ хүрээнд Төмөр замын газраас “Монголын төмөр зам” ТӨХК болон “Чайна Энержи Коксжих нүүрс” ХХК хоорондын нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээний дагуу Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг байнгын ачаа тээвэртэй байх боломжийг бүрдүүлж, 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр түүхэндээ анх удаа хоногт 8 хос галт тэргээр ачаа тээвэрлэлтийг амжилттай хийгээд байна.
Төмөр замын газраас ирүүлсэн мэдээллээр 2025 оны 08 сарын 07-ны өдрийн байдлаар уурхай талдаа 68 машин ажиллаж, 199 машин 796 чингэлэг татсан байна. Тавантолгойгоос Гашуун сухайт руу 9 галт тэрэг 510 вагон 900 чингэлэг 24,354.85 тн ачаа явуулжээ. Нийт 402,386.25 тн нүүрс төмөр замаар тээвэрлээд байна.