Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшиний мэдээлснээр, хагас кокс худалдан авах тендер дуусах шатандаа орж байгаа бөгөөд 10 дугаар сарын 1-нээс иргэдийн хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
Эхний үед сайжруулсан түлш болон хагас коксыг зэрэг зах зээлд нийлүүлж, иргэд өөрсдөө сонгон хэрэглэх боломжтой аж. Шинжлэх ухааны академийн дүгнэлтээр, хагас коксыг хэрэглэснээр агаарын бохирдол 40–45 хувиар буурах боломжтой гэж үзэж байна.
Нийслэл хагас кокс үйлдвэрлэдэггүй тул үйлдвэрлэлийн үйлдвэр байгуулах шаардлагатай бөгөөд энэ нь хамгийн багадаа 2–2.5 жил шаардах аж. Үйлдвэрийн төсвийг УИХ-аар хэлэлцэн батлуулах бөгөөд хэрэгжилт нь Засгийн газрын томоохон мега төслүүдийн нэг болно гэж орлогч дарга хэлэв.
Түүний хэлснээр, 2027–2028 он гэхэд Улаанбаатар хотод нүүрс түлэхгүй болох зорилт тавьж, 172 мянган айлыг хий болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт холбох төлөвлөгөөтэй байна. Энэ шилжилтийн үе шатанд хагас коксыг ашиглах бөгөөд сайжруулсан түлшийг үе шаттайгаар хална.
Цаашид “Тавантолгой түлш” компани нүүрс үйлдвэрлэхээ зогсоож, хий дамжуулалт, хадгалалт, түгээлтийн байгууллага болох чиглэлд шилжинэ гэж А.Амартүвшин онцоллоо.