Монгол Улсад хөгжлийн онцлогтой хүүхдүүдэд чиглэсэн хөгжил, хамгааллын төрөлжсөн төв зайлшгүй хэрэгтэй байгаа тухай Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр: "Биднийг хармагцаа гүйж ирээд тэврүүлж ямар нэг зүйлийн хэлэх гээд бачимдан уйлж байгаа энэ охиныг А гэж нэрлэе. А охин улсын асрамжийн төвд 10 настайгаасаа хойш амьдарсан. Юм ярьж чаддаггүй, хөл, гарын үйл ажиллагаа хэвийн бус, мөн сэтгэхүйн хувьд жоохон хүүхдийнхтэй ижил түвшинд сэтгэдэг хөгжлийн онцлогтой.
Тэрбээр энэ жил 21 нас хүрсэн. Маш их зүйл илэрхийлмээр байгаа боловч хэлд ороогүй учир чадахгүй. Маш их уйлдаг, чанга дуу чимээ гаргадаг, огцом хөдөлгөөн хийдэг. Ийм асуудалтай хүүхдүүд асрамжийн төвд олон байдаг. Монгол Улсад эдгээр хүүхдүүдээ хамгаалах төрөлжсөн асрамжийн төв байдаггүйгээс шалтгаалан энгийн хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг нь олон эрсдэлийг дагуулж байна.
Хүүхэд хамгааллын тухай хуулиар эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд 21 нас хүртэл улсаас хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдэг. Харин жил бүр асрамжийн төвд байгаа хүүхдүүдийн 1/4 гаруй хувь нь хөгжлийн онцлогтой хүүхдүүд байна.
Халамжийн тухай хуулиар төрөлжсөн асрамжийн үйлчилгээг дөрвөн төрлөөр ангилдаг. Хүүхдийн асрамж, халамжийн төвийн орчинд өссөн ийм төрлийн бэрхшээлтэй хүүхдүүд 21 нас хүрмэгц шууд ахмад настны асрамжийн төв рүү ч юм уу шилжихэд хаа, хаанаа үнэхээр их хүндрэл үүснэ. Ер нь бодит байдал дээр бусад төрөлжсөн асрамжууд ч хүлээж авахгүй байгаа нь гашуун үнэн. Гэтэл эдгээр хүмүүсийн ирээдүй хэрхэх вэ? Энэ бол манай төрийн олж харж чадаагүй, орхигдсон хэсэг мөн.
Тиймээс Монгол Улсад хөгжлийн онцлогтой хүүхдүүдэд чиглэсэн хөгжил, хамгааллын төрөлжсөн төв зайлшгүй хэрэгтэй байна" гэлээ.