Наймдугаар сарын 7-ны өдөр Ц.Санжаачойпэлийн өмгөөлөгч шүүхэд таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлт гаргасан байна. Учир нь Ц.Санжаачойпэл нь тухайн үед гэмтэл авч, өдгөө толгой эргэх, нүдний алим хөнгөн гэмтсэн бөгөөд нарийн мэргэжлийн эмчийн эмчилгээ авах шаардлагатай болсон гэж өмгөөлөгч нь мэдэгджээ.
Шүүхээс хүсэлтийг үндэслэн түүнийг хязгаарлалттай таслан сэргийлэх арга хэмжээнд шилжүүлэх шийдвэр гаргасан бөгөөд Монгол Улсын хилээр гарах, бусад гэмт хэрэгтнүүдтэй уулзахыг хориглох нөхцөл тавьсан байна.
Ингэснээр УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэлийг шүүхээс 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан ч энэ сарын 8-нд, хоригдсоноос хойш 16 хоногийн дараа шүүгчийн захирамжаар суллажээ. Тэрбээр одоо гадуур шалгагдаж байгаа бөгөөд хилээр гарах хориг нь хэвээр үлдсэн байна.
Хэргийг эргэн сануулахад, Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл нарыг 2025 оны долдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Канте” шөнийн цэнгээний газрын гадаа хохирогч Д.С-ыг нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх хэргээр шалгаж, шүүхэд шилжүүлсэн. Хохирогчийн биеийн байдал хүнд, нүднийх нь цаад аяганы яс хугарсан талаар хохирогчийн аав мэдээлж байв.