Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Нийслэлийн дэд бүтэц хариуцсан нэгдүгээр орлогч дарга Т.Даваадалайг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр, Харилцаа холбооны бодлого зохицуулалтын газрын дарга Д.Баясгалан нар болон Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци, оператор компаниудын төлөөлөл, Харилцаа холбооны зохицуулах хорооны Т.Батболд, Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд, Нийслэлийн холбогдох байгууллагын албан тушаалтнууд оролцлоо.
Уулзалтаар Нийслэлийн дэд бүтэц, явган хүний замын бүтээн байгуулалт болон түүнийг дагасан харилцаа холбооны худаг, сувагчлалын ажил, агаараар буюу гэрлийн шон, троллейбусны даацын баганууд, барилга хооронд дамжин татагдсан кабелиудыг цэгцлэх, буулгаж худаг сувагчлалаар оруулах, хэрэглээгүй кабелиудыг буулгах талаар ярилцлаа.

Үүнтэй холбогдуулан “Мэдээлэл холбооны сүлжээ компани” ТӨХК нь өөрийн эзэмшлийн Улаанбаатар хотын худаг сувагчлал, дүүргэлт болон Чингисийн өргөн чөлөө, Энхтайвны өргөн чөлөө, Их тойруу, бага тойруу дагасан зам засварын бүтээн байгуулалттай хамт хэрэгжиж буй худаг сувагчлалын ажлын явц, гүйцэтгэлийн талаар танилцууллаа.
Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ний Улаанбаатар хотын сүлжээ ашиглалтын газар нь УБ хотын хэмжээнд 7 станцын хүрээнд 9826 ширхэг худаг, 625.323 метр сувагчлалын ашиглалт үйлчилгээг хариуцан ажиллаж байна.
Уулзалтын үр дүнд ЦХИХХЯ болон Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци, бусад төрийн болон хувийн хэвшлүүд, Нийслэлийн удирдлагууд, холбогдох байгууллагууд хамтарсан ажлын хэсэг гарган, худаг сувагчлал, кабелийн асуудлыг үе шаттай шийдэхээр тохирлоо.

Үүнд:
- Төв замын дагуух дутуу үлдсэн худаг сувагчлалын ажлуудыг дуусгах
- Харилцаа холбооны кабелиудыг агаараар татах эрх зүйн баримт бичиг, стандартуудыг боловсруулж, батлах
- Төв зам дагасан агаараар татагдсан буулгах боломжтой кабелиудыг буулган, худаг сувагчлалд шилжүүлэх
- Барилга хооронд замбараагүй татагдсан кабелиудыг цэгцлэн багана татах, хүчилтгэх зэрэг ажлуудыг үе шаттай хийхээр боллоо
Олон жилийн турш цэгцлэхээр ярилцаж буй уг асуудлыг хөндөн, ажил хэрэг болгож хамтран ажиллахаар санал санаачилга гаргаж буй Нийслэлийн дэд бүтэц хариуцсан нэгдүгээр орлогч дарга Т.Даваадалайд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар талархал илэрхийлэн, хамтран ажиллахаа илэрхийллээ.