Улаанбаатар хотын хэмжээнд газар доорх кабелийн худаг, сувагчлалын өргөтгөлийг 1996 оноос хойш хийгээгүй. Тодруулбал, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон НЗДТГ-аас ажлын хэсэг байгуулж, явган зам засварын ажилтай уялдуулан 22.9 км худаг, сувагчлалын өргөтгөлийн ажлыг хийхээр төлөвлөөд байна. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хороонд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан ажиллалаа.
“Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн гүйцэтгэл, чанарын хэлтсийн дарга Н.Наранбаатар “Манай компани нийслэлийн хэмжээнд долоон станц, 9236 худаг, сувагчлал болон 121 аж ахуйн нэгж байгууллагын 700 км гаруй шилэн кабелийн ашиглалт, үйлчилгээг хариуцан ажилладаг. 1996 онд хийсэн “МОН-1300” төслөөс хойш нийслэлд худаг, сувагчлалын өргөтгөлийн ажил хийгдээгүй. Тиймээс Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу орчимд ил байрласан 22.9 км кабель, сүлжээний утсыг газар доорх шинэ өргөтгөлд байрлуулах юм. Өргөтгөлийн хувьд тус бүр 110 см диаметртэй дөрвөн яндант сувагчлал байна. Тус ажил нь хэт ихэдсэн агаарын кабелийг газар доорх өргөтгөлд шилжүүлж, хотын өнгө үзэмжийг нэмэх дэд бүтцийн чухал ажил учраас явган зам засвар, шинэчлэлттэй уялдуулан, хамтарч ажиллаж байна” гэлээ.
“Чингисийн мэлмий” ХХК-ын захирал Д.Бат-Эрдэнэ “Төв шуудангийн урд талаас 19 дүгээр хороолол буюу “АПУ” ХХК-ийн уулзвар хүртэлх баруун талын 6354 м.кв талбай бүхий явган хүний зам болон дугуйн замыг шинэчилж байна. Явган хүний замыг монгол үйлдвэрийн чулуун хавтангаар шинэчилж байсан боловч олдоц ховордсон учраас хятадад үйлдвэрлэсэн чулуун хавтанг ашиглаж эхэлсэн. Үүнээс гадна, асфальтбетон дугуйн зам, ногоон байгууламж зэргийг хийж байгаа бөгөөд нийт ажлын явц 20 гаруй хувьтай үргэлжилж байна” гэв.
Мөн “Төв шуудан” орчмын явган замын ажлыг есдүгээр сарын 1-ны өдөр гэхэд дуусгаж, худаг, сувагчлалын өргөтгөлд холбоо, хамааралтай ажиллахыг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай анхаарууллаа.