Жил бүрийн 8-р сарын 13 Олон улсын чонын өдөр (International Wolf Day) юм. Энэ өдрийг чонын экологийн ач холбогдлыг олон нийтэд таниулах, тоо толгой багасаж буй асуудалд анхаарал хандуулах зорилготойгоор тэмдэглэдэг.
Саарал чоно нь олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны үнэлгээгээр анхааралд өртөхөөргүй гэж үнэлэгдсэн, байгаль дээрх экосистемийн зохистой харьцаанд маш чухал үүрэг гүйцэтгэдэг амьтан юм. Зэрлэг амьтан ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын II хавсралтад орсон.
Чоно (Canis Lupus Linnaeus 1758) – мах идэштний баг, чонын овогт хамаарах араатан бөгөөд экологийн янз бүрийн орчинд амьдрах чадвартай учраас тархац нутгийн хувьд газар зүйн маш өргөн хүрээг хамарч тайгын бүсээс цөлийн бүс хүртэлх бүх нутгаар өргөн тархсан.
Чоно байгалийн нөхцөлд өвчлөн доройтсон болон хөгширч хүч тамираа алдсан амьтдаар хооллож, амьтдад элдэв өвчин тархахаас урьдчилан сэргийлж, сэг зэм устгадгаараа байгалийн ариутгагч, цэвэрлэгчийн үүргийг гүйцэтгэдэг. Мөн туруутан амьтдын сүргийн бүтэц, тоо толгойг тэнцвэрийг зохицуулахад чухал нөлөө үзүүлдэг.
Чоно нь бүхэл бүтэн экосистем бүр газар зүйн тогтолцоог зохистой, тэнцвэртэй байлгаж, тогтвортой оршихуйг нөхцөлдүүлж байдгийг АНУ-ын Yellow stone Байгалийн цогцолборт газар чоноо устгаад, эргээд нутагшуулж үржүүлсэн жишээ дэлхийн шилдэг жишээ болсон.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 260 дугаар тогтоолоор саарал чонын экологи эдийн засгийн үнэлгээг 1,130,000 (нэг сая нэг зуун гучин мянга) төгрөг гэж тогтоосон.
Харин Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т заасны дагуу мал сүргийг хамгаалах болон тодорхой нутаг дэвсгэрт тоо толгойг сийрэгжүүлэх зорилгоор саарал чоно агнахад төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх боломжтой.