УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Д.Батлут өнөөдөр /2025.08.13/ Батлан хамгаалах яамны нийт бие бүрэлдэхүүний өмнөөс могойн хор саармагжуулагч ерөндгийг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд хүлээлгэн өглөө.
Тус хор саармагжуулагч ийлдсийг Монгол Улсын Батлан хамгаалах яам Катар Улсын Батлан хамгаалах яамны цэргийн хамтын ажиллагааны хүрээнд сайдын санаачилгаар хүсэлт тавьсны дагуу шийдвэрлэж, нийт 60 тун ерөндгийг тээвэрлэн хүргүүлсэн байна.
Урин дулааны цагт аялал, зугаалга, амралтаар явахад иргэд, тэр дундаа бага насны хүүхдүүд могойд хатгуулсан тохиолдлууд цөөнгүй бүртгэгдэж, эрүүл мэнд амь насаараа хохирох нөхцөл байдлууд үүсэж байгаатай холбогдуулан хүний амь насыг цаг алдалгүй аврах, бэлэн байдлыг нэмэгдүүлэх чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ юм.

