Цахим орчинд “Цагдаагийн байгууллагын алба хаагчид БНХАУ-ын худалдааны компанийн 12 тэрбум төгрөгийн хөрөнгийг залилан мэхэлж, хил гаран зугтсан байна” гэх мэдээлэл гарсан. Тухайн асуудлаар Цагдаагийн Ерөнхий газраас албан ёсны мэдэгдэл гаргалаа.
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч С.Баярбилэг: Цахим орчинд нийтлэгдсэн "Цагдаагийн байгууллагын алба хаагчид БНХАУ-ын худалдааны компанийн 12 тэрбум төгрөгийн хөрөнгийг залилан мэхэлж, хил гаран зугтсан байна" гэх мэдээлэлтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас дараах мэдээллийн танилцуулъя.
Тодруулбал "Арвис холдинг" компанийн хувьцаа эзэмшигч Г нь бусадтай бүлэглэн БНХАУ-ын нэр бүхий компанийн Монгол дахь төлөөлөгч нарт "Нүүрс нийлүүлнэ" гэж хуурч мэхлэн 2024 оны 10 дугаар сард дээрх залилах гэмт хэргийг үйлдсэнийг цагдаагийн байгууллагаас илрүүлж, одоогоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Дээрх хэрэгт 8 этгээдийг холбогдуулан шалгаснаас 2 нь цагдаагийн алба хаагч болохыг цагдаагийн байгууллага дотоод хяналт шалгалтаар илрүүлж, одоогоор 1 этгээдэд цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээ авсан.
Гэмт хэрэг үйлдэгдсэн даруйд Монгол улсын хилээр гарсан 1 этгээдийн гадаад паспортыг хүчингүй болгож, интерполын шугамаар олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байна.
Гэмт хэрэгт оролцсон бусад этгээдэд хилийн хориг тавьж, шалгалтын ажиллагааг явуулж байна. Хариуцлагатайгаар мэдэгдэхэд тэдний хилийн хоригийг одоогоор цуцлаагүй байна.
Цаашид мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж оргон зайлсан этгээдийг олж тогтоон авчирч хуулийн хариуцлага хүлээлгэх болно.