Dark Light
Нийгэм | 2025-08-13

ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ ДАРГААР О.БАТНАЙРАМДАЛЫГ СОНГОЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо өнөөдөр (2025.08.13) хуралдав. Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, О.Батнайрамдал, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Э.Болормаа, С.Зулпхар, Ш.Бямбасүрэн, П.Ганзориг, Б.Жаргалан, Д.Пүрэвдаваа, Ө.Шижир нар тус хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд ажиллаж байна.
 
Хуралдаан гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр 14 цаг 06 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ. Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар энэ өдрийн хуралдааныг даргалсан бөгөөд эхлээд түр хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.
 
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.8-д “Түр хорооны даргаар түр хороо байгуулах саналыг анх санаачилсан гишүүнийг томилж ажиллуулах бөгөөд уг гишүүн өөрөө татгалзсан тохиолдолд түр хороо байгуулах санал тавьсан бусад гишүүд дотроосоо түр хорооны даргаа олонхын саналаар сонгоно. Түр хороо байгуулах санал тавьсан гишүүд даргаа дотроосоо сонгох шаардлагагүй гэж үзвэл түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонгоно” гэж заасан байдаг. Энэ дагуу түр хороог байгуулах саналыг анх санаачилсан Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдалыг түр хорооны даргад нэр дэвшүүлэх саналыг Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар гаргав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан тодруулга хийж, хариулт авсны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 6 гишүүн санал нэгтэйгээр дэмжив. Иймд “Хянан шалгах түр хорооны даргыг сонгох тухай” түр хорооны тогтоолын төслийг С.Зулпхар гишүүн хуралдаанд танилцуулсан юм. Төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул төслийг батлах санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэнээр тогтоол батлагдаж, О.Батнайрамдал гишүүн Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны даргаар сонгогдов.
 
Иймд Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал хуралдааныг үргэлжлүүлэн даргалсан юм. Тэрбээр Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.7 дахь хэсэгт заасан түр хорооны даргын хэрэгжүүлэх чиг үүрэг, холбогдох бусад зохицуулалт, шийдвэрүүдийн талаар танилцуулсан.
 
Дараа нь “Хянан шалгагчийн ажлын даалгавар батлах тухай” түр хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан, Б.Баярбаатар нар хэлэлцэж буй асуудал болон түр хорооны үйл ажиллагаатай холбоотой санал хэлж, Улсын Их Хурлын гишүүн, түр хорооны дарга О.Батнайрамдал тайлбар өгсөн. Түр хороо нь Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль болон холбогдох журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулах бөгөөд зургаан сарын хугацаанд ачаалалтай ажиллах болно гэв.
 
Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа түр хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжин баталлаа.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.16
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00