Малчид, иргэд, тээвэрчдэд анхааруулга – Ирэх тав хоногт нутгийн олон хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Зарим бүс нутагт сэрүүсэл мэдрэгдэж, уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүрч хүйтэрч болзошгүй байна.
14-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутагт бороо
2025 оны 8-р сарын 13-ны 20 цагаас 8-р сарын 14-ний 20 цаг хүртэл баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 м/с, Алтайн салбар уулс, говийн бүс нутгаар 12-14 м/с хүрч, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур:
-
Шөнөдөө: Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +1...+6°C, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +17…+22°C, говийн хойд болон зүүн хэсгээр +11…+16°C, бусад нутгаар +7…+12°C.
-
Өдөртөө: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +16…+21°C, говийн өмнөд хэсгээр +29...+34°C, бусад нутгаар +23...+28°C дулаан.
Томоохон хот, сумдын цаг агаар
-
Улаанбаатар: Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо, +19...+21°C дулаан.
-
Багануур: Өдөртөө аадар бороо, +19…+21°C.
-
Тэрэлж: Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо, +16…+18°C.
15-19-нд ихэнх нутгаар бороо үргэлжилнэ
-
15-нд: Говийн зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим газраар
-
16-нд: Баруун, төвийн аймгуудын зарим газраар
-
17-нд: Төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн зүүн хэсгээр
-
18-нд: Баруун аймгуудын баруун хэсэг, зүүн аймгуудын зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Температурын төлөв:
-
Уулын бүс (Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтий, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндий): Шөнөдөө +1...+6°C, өдөртөө +18...+23°C.
-
Говийн өмнөд хэсэг: Шөнөдөө +16...+21°C, өдөртөө +30...+35°C.
-
Бусад нутгаар: Шөнөдөө +9…+14°C, өдөртөө +23...+28°C дулаан.
Цаг уурын байгууллагын зөвлөмж
Малчид, аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчид, замын хөдөлгөөнд оролцогчид борооны үеийн түр зуурын салхины ширүүсэл, замын халтиргаа, үер усны эрсдэлийг тооцон анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.