"Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилт ба улсын төсөв: Санхүүгийн бодлогыг хүний эрхэд нийцүүлэх нь" үндэсний хэлэлцүүлэг өнөөдөр /2025.08.14/ боллоо. Хэлэлцүүлгээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зарцуулж байгаа улсын төсөв, тэдний эрх ашгийг хэрхэн хамгаалах, тулгамдаж буй асуудал зэргийг салбарынхан хэлэлцлээ. Тус хэлэлцүүлэгт Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал оролцож, Нийгмийн даатгалын байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлж байгаа тусламж үйлчилгээ, тэдэнд зарцуулж буй төсөв, санхүүжилтийн талаар мэдээлэл өглөө.
2025 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд хөдөлмөрийн чадвар алдсан 101,038 иргэн байна гэсэн статистик тоо гарсан. Эдгээр иргэдэд үзүүлэх сэргээн засах тусламж, үйлчилгээний хүртээмжийг 2025 онд нэмэгдүүлэхээр нийгмийн даатгалын байгууллага дараах ажлуудыг хийж, хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:
- Сэргээн засах тусламж хүртэмжийг нэмэгдүүлж 11 сувилалтай гэрээ байгуулан хамтран ажиллаж хөдөлмөрийн чадвар алдсан иргэдэд сэргээ засах тусламж үйлчилгээг хүргэж байна.
- Мөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээний төлбөрт олгох нэг ор хоногийн зардлын хэмжээ 70,000 төгрөг байсныг 110,000 төгрөг болгон нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан.
- Нийгмийн даатгалын үйлчилгээг түргэн шуурхай чирэгдэлгүй хүргэх хүрээнд Хөдөлмөрийн чадвар түр алдсан, Жирэмсэн амаржсаны эмнэлгийн хуудасны бичилт, олголтыг бүрэн цахимжуулаад байна. Цаашлаад Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг харьяалал харгалзахгүй, цахим эрүүл мэндийн мэдээлэлд үндэслэн, санамсаргүй түүврийн аргаар цахимаар шийдвэрлэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Хөдөлмөрийн чадвар алдсан иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээ, нэг ор хоногийн зардлыг нэмэгдсэн нь даатгуулагчдад үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч байгаагаараа онцлог юм. Нийгмийн даатгалын байгууллага 2024 онд Нийгмийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар алдсан 72,621 тэтгэвэр авагчдад 448,2 тэрбум төгрөг олгосон байна.

Эх сурвалж
| Нийгмийн даатгалын ерөнхий газар
|