УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан нар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилт ба улсын төсөв” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт ГБХНХЯ, НДЕГ, ЭМЯ, Сангийн яам, ЦХИХХЯ, ХББОСЯ, Зам тээврийн яам, Боловсролын яам, Үндэсний статистикийн хороо, төрийн бус байгууллагууд болон иргэдийн төлөөллөөс бүрдсэн 87 хүн оролцов. Дөрвөн үе шаттай явагдсан уг хэлэлцүүлгийг нээж ГБХНХ-ын сайд Т.Аубакир, УИХ-ын гишүүн О.Саранчулуун нар үг хэлж, УИХ-ын гишүүн Ж.Баясгалан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн хэрэгжилт, тулгамдсан асуудал шийдэл” сэдвээр илтгэл тавилаа.
Хэлэлцүүлгийн үеэр оролцогсод хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах хуулийн хэрэгжилт хангалтгүй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд илүү анхаарах, дэмжих төвүүдийг орон нутагт нэмэгдүүлэх, мэдээлэл харилцаа холбооны хүртээмжтэй байдлыг сайжруулах, эмнэлэг, цагдаа, түргэн тусламжийн үйлчилгээ авахад дохионы хэлмэрч байдаггүй зэрэг тулгамдсан асуудлаар холбогдох салбарын мэргэжилтнүүдээс асууж тодрууллаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар мөн хэлэлцүүлэгт оролцож үг хэллээ. Тэрбээр ижил стандарт, ижил шаардлага гэсэн хуучны хэвшмэл ойлголтоос салж, хөгжлийн бэрхшээлтэй иргэний давуу тал, үйлдлийн чадамжид нийцсэн шинэ стандартыг нэвтрүүлэх шаардлага бий болсон гэв. Стандарт амьдрал дээр хэрэгждэггүй, цаасан дээр л үлддэгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдсан асуудлуудаас харж болно. Бэрхшээлийг цогцоор нь шийдэхэд төсөв, хууль тогтоомж, удирдлага зохицуулалт гэсэн гурвалсан шийдлийг хэрэгжүүлнэ. Ингэхдээ амьдрах орчин, хөдөлмөр эрхлэлт, хүртээмж ба нийгмийн оролцоог хангах гэсэн тулгийн гурван бодлогыг баримталж ажиллахаа Ерөнхий сайд онцоллоо. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулдаг, дасан зохицсон ажлын байр бий болгосон байгууллагуудыг бодитоор урамшуулдаг болохоор зорьж байна гэв.
Ерөнхий сайд Г.Занданшатар “Хүн төвтэй, төрийн оролцоо багатай, хүнийг эрхийг дээдэлсэн зарчмыг төсвийн бодлогод тусгана” гэдгээ хэлэлцүүлэгт оролцох үеэрээ онцоллоо.