Улсын хэмжээнд 2025 оны долоодугаар сард нийт 246,022 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх зургаадугаар сараас 35.6 хувиар буурсан байна.
Бүртгэгдсэн нийт зөрчлийн 68.1 хувь нь нийслэлд, 31.9 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна. Үүнээс 96.7 хувийг Цагдаагийн байгууллага, 0.2 хувийг Гааль, Татвар, Гадаадын иргэн, харьяатын газар,Онцгой байдлын газар зэрэг бусад эрх бүхий байгууллага шалган шийдвэрлэжээ.
Долоодугаар сард зөрчил гаргасан 237,479 хүнд шийтгэл оногдуулсан нь өмнөх сараас 34.6 хувиар, 949 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан нь өмнөх сараас 28.7 хувиар тус тус буурчээ.
Шийтгэл оногдуулсан иргэний 75.9 хувь нь эрэгтэй, 24.1 хувь нь эмэгтэй бөгөөд нийт зөрчлийн 61.2 хувь нь 26-45 насныхан байна.
Зөрчлийн шийтгэл оногдуулсан байдлыг авч үзвэл 228,628 буюу 95.9 хувийг газар дээр нь 6,254 буюу 2.6 хувийг бүртгэлд авч хялбаршуулсан журмаар, 591 буюу 0.2 хувьд нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулсан бол 2,955 буюу 1.3 хувьд нь шүүхээс шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.
Зөрчлийн хэргийн улмаас хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхолд 5.1 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 2.7 тэрбум төгрөгийг буюу 54.5 хувийг нөхөн төлүүлсэн байна.
Долоодугаар сард гарсан зөрчлийг зургаадугаар сард гарсан зөрчилтэй харьцуулахад хүний биед халдах зөрчил 16.7 хувиар, хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 12.4 хувиар, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 35.4 хувиар, гаалийн тухай хууль зөрчих зөрчил 16.1 хувиар, олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 13.1 хувиар, танхайрах зөрчил 12.4 хувиар, нийгмийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 28.8 хувиар, татварын хууль зөрчих зөрчил 68.6 хувиар тус тус буурсан байна.