Монгол Улсад анх удаа Морьт харвааны 17 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 2025 оны 8 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд Налайх дүүргийн “Тайж хайрхан” уулын бэлд зохион байгуулах гэж байна.
Энэхүү тэмцээн нь “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн гол арга хэмжээний нэг бөгөөд дэлхийн 30 гаруй орны шилдэг харваачдыг нэг дор цуглуулна. Мөн Монголын уламжлалт харвааны “Бөмбөг намнаа” төрлийг албан ёсны төрөлд багтааснаараа түүхэн ач холбогдолтой юм. Энэ нь үндэсний соёл, спортын өвөрмөц уламжлалыг олон улсад сурталчлах, залуу үеийн сонирхлыг татах чухал алхам гэж үзэж байна.
Монгол Улсыг төлөөлөн улсын аваргаар шалгарсан, дэлхийн чансаанд эрэмбэлэгддэг 15 шилдэг харваач оролцох бөгөөд олон улсын зэрэглэлтэй шүүгчид, дасгалжуулагчид, Дэлхийн Морьт Харвааны Холбооны удирдлагууд, ЮНЕСКО-ийн Дэлхийн тулааны урлагийн Байнгын хорооны дэд ерөнхийлөгч зэрэг хүндэт зочид хүрэлцэн ирнэ.
Удахгүй болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ирж, Монголын эрч хүч, эрэмгий зоригийг үзэж сонирхоорой.