Энэ хичээлийн шинэ жилээс эхлэн сурагчид өөрийн суралцаж буй сургуулиас үл хамааран хиймэл оюуны боловсрол эзэмших боломжтой боллоо.
AI ACADEMY ASIA-с “Хиймэл оюуны үндэсний аян”-ыг санаачилж, НҮБ-ын Хүүхдийн сан болон М банкны дэмжлэгтэйгээр хиймэл оюуны боловсролыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх 450 багшийг Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргээс сонгон шалгаруулж, зуны гурван сарын туршид бэлджээ.
Тэд хиймэл оюуныг бүтээлч, үр дүнтэй ашиглах арга барилд суралцаж, ирэх 7 хоногт буюу наймдугаар сарын 22–23-нд Улаанбаатар хотноо хоёр өдрийн танхимын сургалтад оролцож, сурсан мэдлэгээ хэрэгжүүлэх стратеги, хичээлээ илүү сонирхолтой, сурагчдын идэвхийг нэмэгдүүлэх арга замаа хуваалцах юм.
Энэхүү хөтөлбөрийн үр дүнд шинэ хичээлийн жилээс эхлэн 10,000 гаруй сурагч технологийн хэрэглэгч бус, ирээдүйн бүтээгч, асуудал шийдвэрлэгч болон төлөвших ур чадварыг эзэмшинэ.
Энэ нь боловсролын чанар, хүртээмжийг шинэ шатанд гаргах томоохон хөрөнгө оруулалт болж байна.