Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадамд тав давж Улсын начин цол хүртсэн Ш.Отгонтөгсийн мялаалга наадам Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд болж байна.
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Б.Цогт-Орших, Засаг дарга Д.Аюурбунь болон Жаргалтхаан сумын удирдлагууд оролцлоо.
Наадмыг аймгийн Засаг дарга Д.Аюурбунь нээж хэлсэн үгэндээ:
“Хэнтий аймаг бол спортыг дэмжиж, олон алдартнуудыг төрүүлсэн өлгий нутаг. Монгол бөхийн уламжлалаа нандигнан өвлүүлж, хүчит бөхчүүдээ үеийн үедээ дэмжсээр ирсэн бахархалтай түүхтэй. Цаашид ч аймаг орон нутгийнхаа нэр хүндийг өндөрт өргөж, улсын наадамд зодоглон хүч сорьж буй бөхчүүдээ бүх талаар дэмжин, Монгол бөхийн өв соёл, бахархлыг залуу хойч үедээ уламжлуулах үйлсийг тууштай үргэлжлүүлнэ” хэмээн онцлон тэмдэглэж, Ш.Отгонтөгс начинд цаашдын замналд нь өндрөөс өндөр амжилт гаргаж, Монгол Улсын аварга цолонд хүрэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлэв.
Мялаалга наадамд нутгийн зон олон, бөх сонирхогчид олноор хүрэлцэн ирж, хүчит бөхчүүдийн барилдаанаар үргэлжилж байна.
Тус наадамд улс, аймаг, сумын цолтой 128 бөх зодоглож байгаа бөгөөд Монгол Улсын арслан Э.Оюунболд, Ц.Бямба-Отгон, Монгол Улсын заан Д.Хүдэрбулга, Улсын харцага Н. Золбоо, Улсын харцага Ш. Пүрэвгарьд, Улсын харцага Х. Гантулга, Улсын харцага Т. Бэгзсүрэн, Улсын харцага Ц. Мөнхбаяр тэргүүтэй хүчит бөхчүүд зодоглож байна.
Мөн их нас, хязаалан насны морьдын уралдаан, үндэсний сурын болон шагайн харваа, өсвөрийн бөхийн барилдаанууд зохион байгуулагдаж, наадам уламжлалт соёлын өргөн дэлгэр арга хэмжээнүүдээр үргэлжилж байна.
Наадмын үеэр Улсын начин Шаравдоржийн Отгонтөгсөд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газар, ЭБЭГ ХХК-ын зүгээс Ланд круйзер 300 маркийн автомашины бэлэглэлээ.