Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас Энхийг дэмжих ажиллагаанд оролцох цагдаагийн багийн Ажиллагааны өмнөх сургалт (Pre-Deployment Training)-ын нээлтийн арга хэмжээ /2025.08.15/ боллоо.
Энэхүү арга хэмжээнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цагдаагийн албаны дарга, цагдаагийн зөвлөх Файзал Шахкар, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын цэргийн зөвлөх, бригадын генерал Г.Болор, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир, НҮБ-ын Цагдаагийн албаны төлөвлөлтийн ахлах офицер дэд хурандаа Сармила Гүрүн, АНУ, БНХАУ, БНСУ, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдын хууль сахиулах асуудал эрхэлсэн болон цагдаагийн атташе нар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Зэвсэгт хүчний жанжин штабын төлөөлөл болон Олон улсын цагдаагийн энхийг сахиулах ажиллагааг дэмжих хөтөлбөр (IPPOS)-ийн сургагч багш нар оролцлоо.
Даян дэлхийн энхийг сахиулах ажиллагаанд 160-170 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй “Цагдаагийн баг” үүрэг гүйцэтгэх бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй уг мэргэшүүлэх сургалтыг Хорват, Франц, Өмнөд Африк Улсын энхийг дэмжих ажиллагааны цагдаагийн мэргэшсэн сургагч багш нар удирдан явуулж байна.
Сургалтад цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагаас шалгарсан 240 алба хаагч энэ оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 09 дүгээр сарын 18-ны өдрүүдэд хамрагдах юм.







