Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас нүүлгэж эхэлсэн. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд нийт 1278 ТҮЦ-ийг нүүлгэж, зам талбайг чөлөөлсөн бөгөөд цэвэрлэгээ, ариутгалыг хийсэн. Гэвч чөлөөлсөн ТҮЦ-үүдийг мөн зөвшөөрөлгүйгээр дахин байрлуулсаар байгаа юм. Тиймээс нийслэл, дүүргээс ТҮЦ нүүлгэн шилжүүлэх ажлыг дахин зохион байгуулж, хяналт тавьж байна.
Наймдугаар сарын 15-ны өдрийн байдлаар төвийн зургаан дүүргийн 51 байршилд 139 ТҮЦ нүүлгэн шилжүүлэх ажлыг эхэллээ.
Хотын дарга Х.Нямбаатар:
Нийтийн эзэмшлийн талбай дээр ямар ч зөвшөөрөлгүй бетон цутгаж дээр нь ТҮЦ байрлуулсан байна.
Хотын төвд бетон цутгаад дээр нь ТҮЦ байрлуулчхаад дараа нь үл хөдлөхийн гэрчилгээ хөөцөлддөг ийм зүйл байж болохгүй.
ТҮЦ-ийг хууль бусаар байрлуулсан иргэд тогтоосон хугацааны дотор өөрсдөө чөлөөлөх ёстой. Тогтоосон хугацаа дуусмагц хотын зардлаар чөлөөлж, гарсан зардлыг тухайн ТҮЦ эзэмшигч, зөвшөөрөл өгсөн албан тушаалтнаар төлүүлнэ.