Монгол Улсад багш мэргэжлээр суралцаж буй оюутнуудад төрөөс сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож байгаа бодлого хэрэгжиж байгаа бөгөөд цаашид ч үргэлжлэхээр байна. Боловсролын яамны мэдээлснээр 2026 оны улсын төсөвт 7,000 орчим оюутны төлбөрийг даахад зориулан 31.3 тэрбум төгрөгийн санал оруулжээ. Энэ нь багшийн мэргэжилтэн бэлтгэх суурь ажлын нэг хэсэг хэмээн тайлбарлаж байна.
Гэвч нэг гол асуудал нь төгсөгчид боловсролын салбарт ажиллахгүй байгаа явдал. Цалингийн доогуур түвшин, ажиллах нөхцөл хангалтгүй байгаа нь шалтгаан болж буйг салбарынхан онцолжээ. Тиймээс төрөөс зөвхөн сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэхээс гадна шинэ багш нарт хөнгөлөлттэй зээл, орон сууцны дэмжлэг үзүүлэх зэрэг бодлого хэрэгтэй гэж үзэж байна.
PISA шалгалтын үнэлгээ ба шийдлүүд
Олон улсын PISA үнэлгээний дүнгээс харахад Монголын боловсролын салбарт хэд хэдэн ноцтой дутагдал илэрсэн. Тухайлбал, бага ангийн сурагчдын уншсан зүйлээ ойлгох чадвар сул байгаа бол хот, хөдөөний боловсролын ялгаа 2.5 жилийн хоцрогдолтой гарчээ.
Энэ хүрээнд сурах бичгийн шинэчлэл өрнөж, бага ангид “унших бичиг” хичээлийг дахин оруулах болсон байна. Мөн боловсролын ялгааг багасгахын тулд цахим технологийг түлхүү ашиглаж, сургуулиудаа өндөр хурдны интернэтээр хангах, алслагдсан газруудад Старлинк төхөөрөмж суурилуулах ажлыг эхлүүлээд байна.
Дүрэмт хувцас шинэчлэгдэнэ
Ерөнхий боловсролын сургуулийн дүрэмт хувцасны загвар таван жил тутамд шинэчлэгддэг журамтай. Энэ жилээс эхлэн эцэг эхчүүдийн саналын дагуу хүүхдүүдэд сонголтоор поло загварын цамц өмсөх боломжийг бүрдүүлэхээр болсон байна. Одоогоор Стандарт хэмжил зүйн төвтэй албажуулах үйл явц дуусах шатандаа орж байгаа бөгөөд есдүгээр сарын 1-нээс үйлдвэрүүд нийлүүлэлтээ эхлүүлэхээр төлөвлөжээ.
"Тэрбумын үнэтэй ширээ сандал"-ын тухай
Сүүлийн үед олон нийтийн анхаарал татсан “тэрбумын үнэтэй ширээ сандал” гэх асуудлын талаар Боловсролын яамнаас тайлбар хийв. Тус яам болон харьяа байгууллагуудын дижитал шилжилтийн хүрээнд зөвхөн ширээ сандал бус, 21 аймагтайгаа холбогдож хурал хийх систем, албан хаагчдын компьютер зэрэг нийт 40 гаруй нэр төрлийн 180 орчим тоног төхөөрөмжийг худалдан авсан гэж мэдээллээ.