Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын долоо хоногийн үйл явдлын хураангуй мэдээллийг хүргэж байна.
- ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн газар тариалан зонхилсон сумдад ажиллалаа. Тэрбээр тариалангийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, тариаланчдын санал хүсэлтийг сонслоо.
- Улаанбаатар хот, Дархан-Уул, Булган, Орхон, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгийн сум, дүүрэгт өндөр ашиг шимт цэвэр үүлдрийн болон сайжруулсан үхэр өсгөн үржүүлж буй иргэн, аж ахуй нэгжүүдийн мал сүргийг ялган тэмдэглэн, бүртгэлжүүлж эхэллээ.
- ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Улсын онцгой комиссын III хуралдаанд оролцож, хөдөө аж ахуйн салбарын цаг үеийн нөхцөл байдал, 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангалтын талаар мэдээлэл хийлээ.
- “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй төсөл”-ийн хүрээнд Говийн бүс нутаг, Ховд аймгийн Алтай суманд усалгаатай газар тариалан нэвтрүүлэх туршилт амжилттай хэрэгжиж байна. Тус сумын туршилтын талбайд эрдэнэшиш, вандуй, тарвас, амтат гуа, саримс, чинжүү, хулуу, газрын алим зэрэг нарийн ногооны тус бүр 2-4 сортыг амжилттай тариалан, арвин ургац авчээ.
- “Дэлхийн хүнсний өдөр”-ийг тохиолдуулан “Хүнсний аюулгүй байдал-Стандарт чанарын баталгаа” сэдэвт бага хурлыг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулна.
- Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Бүгд Найрамдах Узбекистан Улс (БНУзбУ)-ын Хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, худалдааны орлогч сайд Илзат Касимов тэргүүтэй төлөөлөгчдийг 2025.08.13-ны өдөр хүлээн авч уулзлаа. Энэ үеэр БНУзбУ-ын тал Монгол Улсаас 100 мянган толгой амьд хонь, ямааны эхний ээлжийн 15 мянга толгой хонийг тээвэрлэхэд бэлэн болсон гэдгийг мэдэгдэв.
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас рапс /тосны ургамал/ тариалсан тариаланчдын талбайд үзлэг шалгалт хийж, зөвлөмж хүргүүлэн ажиллав. Энэ үеэр хуурай гантай нөхцөлд рапсын талбайд эрвээхэйн тархалт өндөр байгаа тул тариаланчдад зөвлөмж өглөө.
- ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, судалгаа, хөгжлийн төв”-ийг байгуулах асуудлаар боловсролын салбарын удирдлагуудтай уулзалт хийлээ. Мөн Дархан-Уул аймаг дахь ХААИС-ийн салбар сургуульд ажиллаж, “Шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх төв” байгуулахаар санал солилцлоо.
- Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын 2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлгийг 2025.08.11-ний өдөр зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн салбарын 2026 оны төсвийн саналаа танилцуулсан юм.
- “Эрчист Монгол” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Амартүвшингээр ахлуулсан Ажлын хэсэг Дархан-Уул аймаг дахь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллав. Ажлын хэсэг Засгийн газрын 2025 оны 04-р тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад хамаарах төрийн өмчит компаниудын үйл ажиллагаатай танилцлаа.