Тэргүүн шадар сайд Н.Учрал Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүтэй өнөөдөр (2025.08.18) уулзлаа.
Хоёр улсын хоорондох өндөр дээд хэмжээний айлчлалуудтай холбоотойгоор хамтын ажиллагаа улам бэхжиж байгааг талууд онцлов.
Түүнчлэн, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хэрхэн үр дүнтэй үргэлжлүүлэх талаар санал солилцлоо. Эдийн засгийн түншлэлийн хүрээнд 2 улсын гадаад худалдааны тэнцэлд Японы тал 90 гаруй хувийг эзэлж байгаа нь түншлэлийг цаашид дараагийн шатанд гаргах зайлшгүй шаардлага байгааг харуулж байна. Худалдааны тэнцвэргүй байдлыг бууруулахын тулд гааль тарифтай холбоотой зохицуулалт шаардагдаж байна. УИХ-ын намрын чуулганаар стандарт тохирлын үнэлгээний тухай шинэ хууль баталж хоёр тал харилцан стандартаа тохируулахад засгийн газар анхаарч байгааг Тэргүүн шадар сайд онцоллоо.
Түүнээс гадна Монгол улсын гаалийн байгууллагатай холбоотой нийтлэг журмын шинэчлэл боловсруулж байгааг танилцуулж, энэ хүрээнд бизнесийн орчны хүнд суртал буурах, монголд шинээр бизнес эхлэхэд таатай орчин бүрдэх талаар дурдав.
Японы зах зээлийг чиглэсэн Монгол улсын экспортыг тэлэхийн тулд ХАА, газар тариалан, аялал жуулчлал гэх зэрэг нөөцөд тулгуурлах боломж байгааг талууд онцлоод Монгол улсын засгийн газраас хувийн хэвшил, жижиг дунд үйлдвэрлэл, бизнесийн эрх чөлөөнд илүү анхаарч байгаа талаар санал солилцлоо.
Японы бизнесийн төлөөлөл Монголоос экспорт хийх боломжийн талаар илүү сонирхож байгааг Элчин сайд Игахавара Масарү дурдаад УИХ-аар шинээр батлах хуулиуд Японы хөрөнгө оруулагчдад олон боломж олгоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.