Гадаадын банк дотоодод үүдээ нээх үү?
Гадаадын банк дотоодод ажиллахыг хуулиар хориглоогүй ч түүнээс давсан журмаар хаасны үр дагаварт өрнөөс өр, зээлээс зээлийн хооронд өдөр хоног өнгөрч байна.
Монголд үүдээ нээхээр сонирхож байгаа Унгарын ОТП банк гэхэд манай бүх банкнуудыг нийлүүлснээс том, манай эдийн засгийг 10 нугалах 110 тэрбум еврогийн активтай.
Монголд урьж байгаа Япон, Солонгосын банкнуудын эх үүсвэрийн зардал нь хямд, хугацаа нь урт, нөхцөл нь хөнгөн. Монголд банкны зээлийн жигнэсэн дундаж хүү 18-20 хувь бол банк бусуудынх 30-40 хувь байна. Ломбард бол бүр гурван оронтой тоогоор хүүлнэ.
Өндөр хүүтэй зээлтэй, мөнгө хүүлэгчдийн диваажин болсон Монголд үйлдвэрлэл эрхэлж хөгжүүлэх нь өөрөө там болоод байна. Ийм өндөр зээлийн хүүг давж үйлдвэрүүд үүдээ нээж өндийхгүй, өрийн данс шатаагаад ч нимгэрэхгүй нь үнэн юм.
Монгол бол Хойд Солонгос, Иран, Туркменистан гуравтай нийлээд гадаадын банк ганцыг ч оруулаагүй дэлхийд дөрөвхөн улсын нэг.
Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг гэдэг. Зээлийн эх үүсвэр нь зардал ихтэй тул банкнуудын зээлийн хүү өндөр байхаас аргагүй. Жил, жил хагасын богино хугацаатай, өндөр хүүтэй хадгаламж татсан банкнууд хүү багатай, хугацаа урттай зээл олгох боломжгүй. Банканд байдаг мөнгө банкны эздийн ч мөнгө биш. Хүний хүүтэй хадгалуулсан мөнгийг дур зоргоороо буулган бусдад зээлдүүлж, эрсдэлээ даахгүй, элгээрээ хэвтэж, гурван тал гурвуулаа дампуурах аюултай. Дээд тал нь 36 сарын хугацаатай үнэт цаас бондоор үйлдвэр барьж, түүхий эд гаргадаг түүхийг өөрчилж, үнэ цэн, өгөөж ашиг нэмэх эдийн засгийн цусны эргэлт гүйх судас болдог зам, дэд бүтэц босгох аргагүй.
Чөлөөт өрсөлдөөний үр дүнд зээлийн хүү буувал өрийн сүлжээ хумигдах, үйлдвэрлэл, дэд бүтэц хөгжих, дагаад хийх ажил, авах цалин, олох ашиг, төлөх татвар нэмэгдэх хүлээлттэй байна.
Готов нь авна уу, Шадав нь авна уу гэдэг шиг зээлийн хүү бага, хугацаа урт, нөхцөл хөнгөн бол банк нь гадаад байна уу, дотоод байна уу ялгаа алга.
АДМИН








Нийгэм







