Монголын малчны амьдралд хавар гэдэг улирал нэг утгатай. Ямаа самнах үе. Өөрөөр хэлбэл жилийн ганц орлого орж ирэх цаг.
Өвөлжин зээлээр авсан өвс тэжээл, шатахуун, өрхийн зардал гээд хуримтлагдсан бүх өр төлбөрийг малчид хаврын ноолуураараа дарна гэж тооцоолдог. Гэтэл ноолуурын ханш унахад тэр тооцоо нэг л өдөр нурдаг. Малчин ашигтай ажиллах нь бүү хэл өртэй үлддэг.
Өнгөрсөн жил ноолуурын ханш олон малчны хүлээлтэд хүрээгүй. Зарим нутагт 120 мянган төгрөгөөс дээш гараагүй. Урьд нь 200 мянгад дөхөж байсан үе бий. Ийм уналт малчдын амьдралд шууд цохилт болдог.
Ноолуурын зах зээлд гарсан өөрчлөлт үүнд нөлөөлсөн гэж малчид үзэж байна. Засгийн газар ноолуурыг угааж, самнаж байж экспортлоно гэсэн бодлого хэрэгжүүлж эхэлснээс хойш үнэ буурсан гэж тэд ярьдаг. Өмнө нь ченжүүд бэлэн мөнгөтэй ирж ноолуурыг шууд авдаг байсан бол одоо ноолуур тушааснаас хойш мөнгө нь хэдэн долоо хоног, заримдаа сар орчмын дараа орж ирэх нь элбэг болжээ.
Хаврын цагт малчдад бэлэн мөнгө хамгийн хэрэгтэй байдаг. Бензин шатахуунаас эхлээд өрхийн өдөр тутмын зардал хүртэл бүгд ноолуурын мөнгөнөөс хамаарна. Гэтэл ноолуур өгчихөөд мөнгөө хүлээж суух нь малчдын хувьд амьдралын хүндрэлийг улам нэмдэг.
Нөгөө талаар ноолуурын үнэд янз бүрийн шалтаг гарч ирсэн тухай малчид ярьж байна. Урьд нь өнгө ялгалгүй авч байсан ноолуурыг хар, цагаан гэж ангилан үнэлж, чанарын нэрээр ханшийг бууруулах тохиолдол нэмэгджээ. Үүнээс болж малчид ноолуураа зах зээлийн бодит үнээс доогуур зарж байна гэсэн гомдол их.
Малчдын хувьд ноолуурыг дотоодын үйлдвэр авна уу, гадаад руу гарна уу гэдэг нь гол асуудал биш. Харин дэлхийн зах зээлийн үнэд ойр ханшаар авах нь л чухал. Гэтэл бодит байдал дээр ноолуурын ханш хэдхэн компаниас хамаарч тогтдог мэт харагддаг гэж тэд үздэг.
Мөн ченжүүдийн дундах ашиг их байгаа тухай яриа ч хөдөөд бий. Ноолуур малчнаас гарахдаа нэг үнэ, эцсийн худалдан авагчид хүрэхдээ өөр үнэ болдог. Энэ зөрүү хэн дээр үлддэг нь тодорхой бус.
Нөгөө талд салбарынхан өөр тайлбар өгдөг. Ноолуурыг түүхийгээр нь гаргах биш, боловсруулж экспортлох нь Монголд илүү ашигтай гэж тэд үздэг. Ингэснээр нэмүү өртөг шингэж, ажлын байр нэмэгдэж, экспортын орлого өснө гэсэн логик бий.
Үнэхээр ч Монгол Улс ноолуур угаах, самнах ихээхэн хүчин чадалтай болсон. Самнасан ноолуурын экспорт өсөж, салбарын орлого нэмэгдсэн гэж салбарынхан ярьдаг.
Гэхдээ бодлогын энэ өөрчлөлт хөдөөний амьдрал дээр хэрхэн бууж байгаа нь өөр асуудал. Үйлдвэрүүдийн ашиг нэмэгдсэн байж болох ч малчны гар дээр очих мөнгө тогтвортой өсөж чадсан эсэх нь маргаантай хэвээр байна.
Ноолуур бол Монголын хөдөө аж ахуйн хамгийн чухал бүтээгдэхүүний нэг. Дэлхийн ноолуурын зах зээлийн томоохон хэсгийг Монгол нийлүүлдэг. Гэвч энэ том салбарын суурь болсон малчдын орлого тогтворгүй хэвээр.
Тиймээс ноолуурын салбарын гол асуудал ганцхан зүйл дээр төвлөрдөг. Нэмүү өртөг шингээж үйлдвэрлэлээ хөгжүүлэх бодлого хэрэгтэй. Гэхдээ тэр бодлого ноолуурыг үйлдвэрлэдэг малчны амьдралтай зөрчилдөх ёсгүй.
Учир нь ноолуурын үйлдвэр хотод байдаг.
Харин ноолуур өөрөө малчны хотонд бий болдог.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм







