Монголд өргөн хэрэглээний бараа, ялангуяа хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт олон нийтийн анхаарлын төвд хэвээр байна. Сүүлийн үед Япон улс хүнсний суурь бүтээгдэхүүнийг нэмэгдсэн өртгийн албан татвараас (НӨАТ) чөлөөлсөн нь эдийн засгийн бодлогын хүрээнд сонирхол татахуйц жишээ болж байна. Ийм төрлийн бодлого Монголд хэрэгжих боломжтой юу, хэрэгжвэл ямар үр дагавар авчрах вэ гэсэн асуулт урган гарч байна.
Япон бол татварын бүртгэл, хяналтын тогтолцоо өндөр хөгжсөн, далд эдийн засаг багатай улс. Ийм орчинд НӨАТ-ын хөнгөлөлт бодитоор иргэдийн амьжиргаанд нөлөөлж, үнийн дарамтыг бууруулах боломжтой байдаг. Харин Монголын хувьд НӨАТ-ын системийг 2016 онд нэвтрүүлсэн ч анхны зорилго болох далд эдийн засгийг ил болгох, иргэдээр хяналт тавиулах механизм төдийлөн төгс хэрэгжээгүй хэвээр байна.
Өнөөдөр Монголд хүнсний инфляци өндөр түвшинд байгаа нь бодит асуудал. Онолын хувьд НӨАТ-ыг бууруулах, эсвэл тодорхой бүтээгдэхүүнээс чөлөөлөх нь үнийн өсөлтийг сааруулах боломжтой. Гэвч бодит байдал дээр энэ нь шууд үр дүн авчрах эсэх нь эргэлзээтэй. Учир нь бараа үйлдвэрлэгчээс эхлээд эцсийн хэрэглэгч хүртэл дамжих шат бүрд үнэ нэмэгддэг бүтэц, дэд бүтцийн сул хөгжил, зах зээлийн онцлог зэрэг нь үнийн дарамтыг улам нэмэгдүүлдэг.
НӨАТ онолын хувьд давхар татвар биш ч Монголын нөхцөлд дамжлага бүр дээр үнэ өсөх хэлбэрээр “давхар нөлөө” үүсгэж байна. Үйлдвэрлэгч, бөөний худалдаачин, жижиглэнгийн худалдаачин гээд бүх шатанд өртөг нэмэгдэж, эцэст нь хэрэглэгч бүх ачааллыг үүрдэг. Ийм орчинд бизнес эрхлэгчид ашгаа хамгаалахын тулд үнээ бууруулах бус, харин ч нэмэх хандлага давамгайлдаг.
Хэрэв хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийг НӨАТ-аас бүрэн чөлөөлбөл онолын хувьд үнэ 10 орчим хувиар буурах боломжтой. Гэвч Монголын зах зээлд нэгэнт өссөн үнэ буурдаггүй гэсэн тогтсон хандлага бий. Тиймээс ийм бодлого хэрэгжсэн ч одоогийн үнэ шууд буурахгүй, харин ирээдүйн үнийн өсөлтийг сааруулах, дарамтыг багасгах хэмжээнд илүү нөлөөлөх магадлалтай.
Сүүлийн 30 гаруй жилд Монголд өргөн хэрэглээний барааны үнэ буурсан бодит жишээ ховор байгаа нь зөвхөн татварын бодлогоос бус, илүү өргөн хүрээний хүчин зүйлтэй холбоотой. Үүнд инфляци, валютын ханшийн савлагаа, төрийн бодлогын тогтворгүй байдал, иргэдийн итгэл зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Эдийн засгийн орчин тогтворгүй, төгрөгийн ханш сулрах хандлагатай, бодлогын шийдвэрүүд урт хугацаанд тогтвортой хэрэгждэггүй нөхцөлд зах зээл дээр үнэ буурах механизм бараг ажилладаггүй.
Нөгөө талаас, НӨАТ-аас чөлөөлөх бодлого нь төсвийн орлогод шууд нөлөөлөх эрсдэлтэй. Өнөөдөр НӨАТ нь улсын төсвийн голлох орлогын эх үүсвэрийн нэг болсон. Тиймээс татварын орлого буурна гэсэн болгоомжлол төрд хүчтэй байдаг. Гэвч олон улсын туршлагаас харахад татварын дарамтыг бууруулж, далд эдийн засгийг хумиж, ил тод байдлыг нэмэгдүүлэх замаар татварын бааз суурийг тэлж, нийт орлогыг өсгөх боломж бий.
Монголын хувьд ийм бодлого хэрэгжүүлэхийн тулд зөвхөн НӨАТ-ыг чөлөөлөхөөс илүү өргөн хүрээний шинэчлэл шаардлагатай. Үүнд татварын тогтолцооны ил тод байдал, хяналтын систем, бизнесийн орчны шударга өрсөлдөөн, мөнгөний бодлогын тогтвортой байдал зэрэг суурь асуудлууд багтана. Эдгээрийг шийдвэрлэхгүйгээр дан ганц татварын хөнгөлөлт нь хүлээсэн үр дүнд хүрэхгүй байх эрсдэлтэй.
Эцэст нь хэлэхэд, хүнсний бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлөх нь богино хугацаанд үнийн дарамтыг бүрэн бууруулах “шидэт шийдэл” биш. Харин зөв бодлогын цогц шинэчлэлийн нэг хэсэг болж чадвал иргэдийн амьжиргаанд эерэг нөлөө үзүүлэх боломжтой алхам байж болох юм.
Б.АМАРТҮВШИН






Нийгэм



