Монгол Улс өнөөдөр уул уурхайгүйгээр амьдарна гэж ярих дуртай. Харин бодит байдал дээр уул уурхайгүйгээр төсөв ч байхгүй, экспорт ч байхгүй, валют ч байхгүй. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 80 гаруй хувь, экспортын орлогын 90 хувь, улсын төсвийн орлогын тавны нэгийг уул уурхай бүрдүүлж байна.
Энэ бол “хараал” биш, өнөөгийн Монголын эдийн засгийн бодит төрх. “Уул уурхайгаас хамааралгүй болно” гэж улстөрчид олон жил ярьсан. Гэвч хадаасаа ч үйлдвэрлэдэггүй улс уул уурхайгаас хэдхэн жилийн дотор сална гэдэг хийсвэр мөрөөдөл. Аялал жуулчлал хөгжүүлэх хэрэгтэй, хөгжүүлнэ. Гэхдээ уул уурхайг орлох хэмжээнд хүрэх хол байна.
Тиймээс өнөөдөр Монголын хийх ёстой ажил бол уул уурхайгаа үгүйсгэх биш, илүү ухаалгаар ашиглах. Харамсалтай нь энэ салбарт төрийн бодлого тогтворгүй явж ирлээ. Засаг солигдох бүрт бодлого өөрчлөгдөж, Ерөнхий сайд бүр өөрийнхөөрөө хөдөлсөн. Үр дүнд нь том төслүүд гацаанд орж, хөрөнгө оруулалт үргэж, дэд бүтэц хагас дутуу үлдсэн. Үүн дээр нэмээд төрийн өмчит компаниудыг шүтсэн сэтгэлгээ газар авлаа. Төр оролцох тусам авлига томордог гэдэг хуучны үнэн Монголд яг биелж байна.
Монголын гол алдаа бол эдийн засгаа бус, уул уурхайгаа өөрөө солонгоруулаагүй явдал. Өнөөдөр бид нүүрс, зэс хоёроос хэт хамааралтай. Нүүрсний үнэ унахаар улсын төсөв донсолдог нь үүнтэй холбоотой. Харин олон төрлийн ашигт малтмал олборлодог орнуудын эдийн засаг илүү тогтвортой байдаг. Орос улс хоригт орсон ч эдийн засаг нь бүрэн нуран унаагүй нь газрын тос, хий, алт, никель, уран, ховор элемент гээд төрөлжсөн баялгийнх нь нөлөө. Монголд ч боломж бий.
Алт, жонш, гянтболд, цайр, хөнгөн цагаан, газрын ховор элемент гээд дэлхийд эрэлттэй олон баялаг байна. Гэтэл бид нүүрс, зэс хоёртоо л бүх анхаарлаа төвлөрүүлжээ. Говь-Алтайн Алаг уулын хөнгөн цагааны орд, газрын ховор элементийн нөөцүүдээ хөдөлгөхгүй суусаар байна. Олборлож буй ашигт малтмалын төрөл нэмэгдэх тусам эрсдэл буурдаг энгийн зарчмыг Монголын бодлого ойлгохгүй явна. Уул уурхайг эсэргүүцэх хөдөлгөөн ч сүүлийн арван хэдэн жилд хүчтэй болсон. Гэхдээ үүний цаана бодит экологийн асуудлаас гадна популизм, гаднын ашиг сонирхол, мэдээллийн хоосрол их бий. Жагсаал цуглаан дээр орон нутгийн иргэдээс илүү Улаанбаатараас очсон хүмүүс олон харагддаг нь ч нууц биш. Харин уул уурхайг хамгийн ихээр муухай харагдуулсан хүмүүс бол хууль бусаар олборлогчид.
Нөхөн сэргээлтгүй ухаж сүйтгэнэ, татвар төлөхгүй, хариуцлага хүлээхгүй. Иргэдийн дургүйцэл тэндээс эхэлсэн. Өөр нэг том асуудал нь хайгуул. 2012 оноос хойш хайгуулын лицензийг бараг царцааснаар Монгол өөрөө ирээдүйн ордоо хаачихсан. Хайгуул бол эрсдэлийн бизнес. Мянган лицензээс ганц том орд төрдөг гэдэг. Ийм салбарыг төр биш, хувийн хэвшил, гаднын хөрөнгө оруулагч хөдөлгөдөг. Гэтэл өнөөдөр хайгуулын салбар үндсэндээ унтарч, геологичид ажилгүй болж, энэ мэргэжлээр суралцах залуус ч эрс цөөрсөн.
Хамгийн аюултай нь үлдсэн цөөн лицензүүд нэг улсын хөрөнгө оруулалт руу төвлөрч эхэлсэн явдал. Энэ бол эдийн засгийн төдийгүй үндэсний аюулгүй байдлын эрсдэл. Монгол нүүрсний үнэ унахаар олборлолтоо нэмдэг. Гэвч үүнтэй зэрэгцээд зардал нь хэр өсөж байгааг ярьдаггүй. Уурхай гүнзгийрэх тусам хөрс хуулалт өснө, өртөг нэмэгдэнэ. Илүү их нүүрс гаргах тусам илүү их төмөр зам, логистик хэрэгтэй болно. Гэтэл Монгол төмөр замаа холбож чадахгүй арав гаруй жилийг алдлаа. Хятадын тал хил дээрээ төмөр замаа 2012 онд авчирчихсан байхад Монгол дотооддоо улстөржсөөр өнөөдөртэй золгосон. Алдсан хугацааныхаа төлөөсийг хямд нүүрсээр төлж эхэлсэн нь үнэн.
Баялгаа боловсруулж чаддаггүй нь ч Монголын архаг өвчин. Гангийн үйлдвэр барина гэж олон жил ярьсан ч хамгийн түрүүнд байгуулах ёстой Кокс-Химийн үйлдвэрээ мартчихсан. Ган хайлуулахад асар их эрчим хүч хэрэгтэй. Монгол шиг цахилгааны дутагдалтай орон коксгүйгээр гангийн үйлдвэр хөгжүүлнэ гэдэг үлгэр. Харин Тавантолгойн коксжих нүүрсийг түшиглэсэн Кокс-Химийн үйлдвэр байгуулбал гангийн үйлдвэрлэлийн суурь тавигдана. Дээрээс нь нийслэлийн утааг бууруулах, уул уурхайн тэсэлгээнд ашигладаг химийн бүтээгдэхүүнээ дотоодоосоо хангах боломж бүрдэнэ. Цаашлаад зэс хайлуулах үйлдвэр байгуулахад гардаг хүхрийн хүчлийг ч Кокс-Химийн үйлдвэр ашиглаж чадна.
Өөрөөр хэлбэл нэг үйлдвэр нөгөөгөө тэжээдэг аж үйлдвэрийн гинжин бүтэц Монголд алга. Монголын хамгийн том асуудал баялаггүйдээ биш. Баялгаа системтэй ашиглаж чаддаггүйдээ байна. Уул уурхайгаа үзэн ядаад хөгжихгүй. Харин уул уурхайгаа ухаалгаар ашиглаж, төрөлжүүлж, боловсруулж чадсан цагт л Монголын эдийн засаг хөл дээрээ жинхэнээсээ босно.
Б.АМАРТҮВШИН






Нийгэм





