Dark Light
Нийгэм | 2026-09-10

АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСТАЙ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд тэргүүтэй төлөөлөгчид Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдаж буй AIM Congress 2026 буюу Олон улсын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцож байна. Энэ хүрээнд Шадар сайд Т.Доржханд Хөрөнгө оруулалтын асуудлаарх сайд нарын дугуй ширээний уулзалтад оролцож, Монгол Улсын эдийн засгийн боломж, хөрөнгө оруулалтын орчин, эрчим хүчний салбарын шинэчлэл, ногоон шилжилтийн талаар танилцууллаа. Мөн тус чуулга уулзалтын үеэр Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын боломжийн талаар хэвлэлд ярилцлага өгөв.
 
Түүнчлэн айлчлалын хүрээнд Шадар сайд Т.Доржханд АНЭУ-ын Эрчим хүч, дэд бүтцийн яамны сайд Сухайл бин Мухаммад Аль-Мазруи-тай уулзалт хийж, Монгол Улсын Эрчим хүчний яам, Арабын Нэгдсэн Эмират Улсын Эрчим хүч, дэд бүтцийн яам хооронд хамтран ажиллах тухай Санамж бичигт гарын үсэг зурав. Санамж бичгийн хүрээнд талууд сэргээгдэх эрчим хүч, ногоон устөрөгч, цахилгаан эрчим хүчний дамжуулах болон түгээх сүлжээ, эрчим хүч хуримтлуулах систем зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлж, хөрөнгө оруулалт болон хамтарсан төсөл хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов. Түүнчлэн цахилгаан эрчим хүч, ногоон устөрөгчийг бүс нутгийн зах зээлд экспортлох боломжийг судлах, туршлага, технологи солилцох, мэргэжилтэн бэлтгэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллана.
 
Мөн Абу Даби хөгжлийн сан болон G42 группийн удирдлагатай уулзаж, эрчим хүчний салбарын шинэчлэл, сэргээгдэх болон ногоон эрчим хүч, хөрөнгө оруулалт, дата төвийн дэд бүтэц, түүнийг найдвартай, цэвэр эрчим хүчээр хангах чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар өргөн хүрээнд санал солилцов.
 
Энэхүү айлчлал нь Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нөөц, эдийн засгийн боломжийг АНЭУ-ын хөрөнгө оруулалт, технологи, туршлагатай уялдуулж, эрчим хүчний салбарт бодит төсөл, хөрөнгө оруулалт татах, ногоон эрчим хүчний шинэ эх үүсвэр хөгжүүлэх, экспортын шинэ боломж бүрдүүлэх хамтын ажиллагааны шинэ суурийг тавьж буйгаараа ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19