Dark Light
Эдийн засаг | 2026-09-10

ЯПОН, МОНГОЛЫГ ХОЛБОХ ДАХИН НЭГ АГААРЫН ГҮҮР НЭЭГДЭНЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | New Ulaanbaatar International Airport LLC
"Чингис хаан" нисэх онгоцны буудал Японы 7 нисэх буудлыг эзэмшигч компанитай түүхэн гэрээ байгууллаа
 
Монгол, Японы аялал жуулчлал, агаарын тээврийн салбарт шинэ боломж нээгдэж, Улаанбаатар болон Японы Хоккайдо арлыг холбосон шинэ нислэгийн чиглэл нээх эхлэл тавигдлаа. "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг хариуцагч "New Ulaanbaatar International Airport" ХХК (NUBIA) нь Японы Хоккайдо бүсийн агаарын тээврийн томоохон компани болох "Hokkaido Airports Co., Ltd."-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх Харилцан ойлголцлын санамж бичигт албан ёсоор гарын үсэг зуржээ.
 
Хоккайдогийн 7 том нисэх буудал Монголтой хамтарна
 
Энэхүү санамж бичгийн хүрээнд "Hokkaido Airports" компани өөрийн эзэмшил, удирдлагад байдаг Шинэ Читосэ (New Chitose), Вакканай, Күширо, Хакодатэ, Асахикава, Обихиро, Мэманбэцү зэрэг нийт 7 нисэх онгоцны буудлын нөөц бололцоонд түшиглэн NUBIA компанитай дараах чиглэлээр хамтран ажиллана:
  • Нисэх буудлын менежмент, удирдлагыг сайжруулах
  • Иргэний агаарын тээврийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, дадлагажуулах
  • Харилцан туршлага солилцох
  • Хоёр орны хооронд шинэ агаарын замын чиглэл бий болгох, түүнийг зах зээлд сурталчлах
NUBIA компанийн зүгээс энэхүү гэрээг Монгол, Японы агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал алхам гэж үзэж байгаа бөгөөд энэ нь хоёр улсын эдийн засаг, бизнес болон аялал жуулчлалыг тууштай дэмжинэ гэдгийг онцолсон байна.
 
Шууд нислэггүй байсан чиглэлд шинэ гүүр болох нь
 
Японы Хоккайдо арал нь өвлийн спорт, халуун рашаан, байгалийн үзэсгэлэнт тогтоцоороо Монголын төдийгүй дэлхийн жуулчдын хамгийн ихээр зорих дуртай аяллын бүсүүдийн нэг юм. Гэвч өнөөдрийг хүртэл Улаанбаатар хотоос Хоккайдо руу чиглэсэн ямар нэгэн тогтмол, шууд нислэг байхгүй байсан бөгөөд энэхүү түншлэл нь шууд агаарын харилцааг бий болгоход гол хөдөлгүүр болох аж.
 
Түүхэн эх сурвалж ба удирдлагын бүтэц:
  • Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал нь Японы хөнгөлөлттэй зээлийн (ODA) санхүүжилтээр баригдаж, 2021 оны 7 дугаар сард үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Тус буудлын менежментийг хариуцагч NUBIA компанийн 51 хувийг Мицубиши корпораци, Нарита нисэх буудал, JALUX зэрэг Японы консорциум эзэмшдэг бол үлдсэн 49 хувийг Монголын төрийн өмчит "Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал" ТӨХХК эзэмшдэг.
  • Hokkaido Airports компани нь 2019 онд Японы нисэх буудлуудыг хувьчлах томоохон төслийн хүрээнд 17 компанийн нэгдэл болон байгуулагдсан бөгөөд зорчигч тээврээрээ Японд 5-д ордог Шинэ Читосэ зэрэг тус бүсийн 7 том нисэх буудлыг багцлан удирддаг байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19