“ЭРДЭНЭТ”-ИЙН УУРХАЙЧИД ХАНГАЛ ГОЛ ДАГУУ 2700 БУРГАС ТАРЬЖ, ТАТМЫН ОЙЖУУЛАЛТ ХИЙЛЭЭ
Бүх нийтээр мод тарих намрын өдрөөр Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид Хангал гол дагуу 2700 бургас тарьж, татмын ойжуулалт хийлээ. Өнөөдрийн бүх нийтийн намрын тариалалтад үйлдвэрийн бүх бүтцийн нэгжийн 500 гаруй ажилтан усны чанарыг сайжруулах, хөрсний элэгдэл эвдрэлээс хамгаалах, байгалиа нөхөн сэргээхэд гар бие оролцсон юм. Мөн Орхон аймгийн Баян-Өндөр сумын XIV сургуулийн 12 дугаар ангийн хоёр бүлэг уурхайчидтай нэгдэн, намрын мод тариалалтад оролцсон нь онцлог байв.
Энэ жил Ойн газраас татмын ойжуулалт хийх чиглэлийг баталж, холбогдох мэргэжлийн төслийн нэгж, хэлтэст үүрэг өгсний дагуу 25 орчим га газарт нийт 450 мянган бургасны мөчирөөр ойжуулалт хийх бөгөөд “Ногоон хөгжил” төслийн нэгжийнхэн хоёр сумын хил дамнасан Хангал голын дагуу 3 сая бургас тарьж, татмын ойжуулалт хийхээр төлөвлөн, жил бүр өссөн дүнгээр хэрэгжүүлэн ажиллаж байгааг Мод үржүүлэг хариуцсан, ойн инженер Э.Очирсүрэн мэдээллээ.
Оны эхээр “Ногоон хөгжил” төслийн нэгжийн ажилчид Булган аймгийн нутаг, Орхон голын хөвөөнөөс 500 гаруй мянган бургасны мөчир бэлтгэж, татмын ойжуулалт, үржүүлэгт ашиглаж байна. Харин нугын хөрс үржил шимээр баялаг учир энэ удаа нэмэлт бордоо ашиглалгүй, байгалийн хөрсөөр шууд тариалалт хийв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгч уурхайчид манлайлан оролцохоо илэрхийлэн, 2031 он хүртэл 100 сая мод тарих үүрэг амлалт авсан. Одоогоор 3.6 сая мод тариад байгаа бөгөөд ургалт 80 хувьтай байна.
Г.ГАНЦЭЦЭГ







Нийгэм




