Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ Нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтнуудтай уулзав.
Цар тахлын он жилүүдийг хохирол багатай даван туулж, олон мянган хүнийг эмчлэн, амь насыг нь аврахад эрүүл мэндийн салбарынхны хүчин зүтгэл их байсныг хэлж, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, дундаж наслалтыг нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх зэрэгт оруулж байгаа хувь нэмрийг төр, засаг өндөр үнэлж, цалин хөлс, нийгмийн баталгааг нь сайжруулахад анхаарч байгааг хэлэв.
Төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагаа, санаачилсан хөдөлгөөн, хөтөлбөр, түүний дотор “Эрүүл монгол хүн” хөдөлгөөнийг үр дүнд хүргэхэд эрүүл мэндийн салбарынхны мэдлэг, ур чадвар, манлайлал чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцоллоо. Мөн тус эмнэлэгт шаардлагатай байсан аппарат, тоног төхөөрөмж, туулах чадвар сайтай, иж бүрэн тоноглосон түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өгөв.
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг 400 гаруй эмч, сувилагч, ажилтантай. Өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилж, 2,000 орчим хүнд мэс засал хийжээ.
Хими болон бай эмчилгээний төрлийг нэмэгдүүлж, орон нутагт анх удаа нүдний болор авах, нүдний даралт бууруулах мэс засал хийн, өвдөгний үе, түнх сольж, тархины судасны доплер шинжилгээ хийж байна.
АДМИН







Нийгэм




